Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Шадар сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

94721bd863c1b12ec9c5a66510d42ef0Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан улсын байцаагч, ажилтан, албан хаагчид, гавьяаны амралтаа эдэлж байгаа ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхний хамтын хүчин чармайлтын дүнд хяналтын байгууллагын үйлчилгээ, цар хүрээ жил ирэх тусам бэхжин, үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүртэж байгааг цохон тэмдэглэе.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд 2015 он түмэндээ хэлэх үгтэй, хийсэн ажилтай бүтээлч жил болж байна. Улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ “Хяналтын хуудас”-ыг бүрэн ашигладаг болсноор хяналт шалгалт ил тод, ойлгомжтой болж, бусдыг дарамталдаг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, хүнд суртал гаргадаг гэсэн ам дамжсан яриа төгсгөл боллоо. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд ч “Хяналтын хуудас”-аар дамжуулан өөрөө өөрсдийгөө хянах тогтолцоо бүрдэж, байцаагч нарын тавьдаг шаардлагыг бүрэн мэддэг болсон нь Мэргэжлийн хяналтын байгууллагад хийж байгаа шинэчлэлийн үр дүн юм.

Дэлхийн банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Хүнсчдийн холбооноос хийсэн судалгаанд сүү, мах, газар тариалан, жижиглэн худалдаа, хоол, хүнс зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 304 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд 92 хувь нь “Хяналтын хуудас нэвтэрснээр шалгалт илүү тодорхой болж дарамт багассан” гэж хариулсан нь үүний нэг баталгаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ жил улсын хэмжээнд “Хүний төлөө-Зөв тус”, “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” гэхчлэн сар бүр аян өрнүүлэн үр дүнг нь иргэд, аж ахуйн нэгж хүртэх бүтээлч олон ажлыг санаачлан хэрэгжүүлж хэвшиж байгаад талархаж  байна.

Хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар хийж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслаж, мэргэжил, аргазүйгээр ханган тэдний хөгжлийг дэмжих нь хяналтын байгууллагын үндсэн зарчим. Болзошгүй эрсдлээс сэргийлэн, ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр хяналтаа тодорхой хэмжээгээр тавьж байх ёстой. Үүнд Та бидний хамтын хүч хөдөлмөр, оролцоо  нэн чухал гэдгийг тэмдэглэе.

Мэргэжлийн хяналтын байгууллагад ажил, амьдралаа зориулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД  У.ХҮРЭЛСҮХ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …