Улсын Их Хурлын чуулганы /2015.06.12. Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 20 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав.
Өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас “Оюу толгой” төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн ч Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхий сайд хуралдаанд оролцох боломжгүй болсон тул асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу уг асуудлыг хойшлуулж үдээс өмнө хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсон юм.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргаж, байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах явцад гишүүд зарим саналын талаар хэлэлцүүлэгт бэлдсэн ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авч, байрь сууриа илэрхийлж байв. Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Шинэчилэн найруулсан уг хуулийн төслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, алслагдсан сум, суурин газарт гал түймэр унтраах сайн дурын хэсэг, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлэх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой барилгын дүрэм, норм, стандарт хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулжээ.
Мөн одоо мөрдөгдөж байгаа Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрд гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар төсөлд тусгасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон хуралдаанд оролцогчдод танилцуулав.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд өмнө оруулж ирсэн төслөөс одоогийн төсөл юугаараа өөр болсон тухай тодруулсан юм. Мөн тэрээр уг хуулийн ач холбогдлын талаар дурдаж, хуулийн төслийг яагаад дөрвөн сар гаруйн хугацаанд хэлэлцэн удааж байгаа талаар ажлын хэсгээс асуув. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 100 гаруй санал гарсан. Энэ нь хуулийн төслийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулахаар байсан учраас төслийг хууль санаачлагч татан авч дахин өргөн барьсан. Харин хуулийн төслийг дахин өргөн барьснаас хойш нэлээд хугацаанд хэлэлцэх асуудлын дарааллын сүүлд оруулсан байсан тул нэлээн удсан тал бий хэмээв.
Гишүүдийн асуулт асууж хариулт авсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, улмаар байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжтой гэж үзсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.