Монгол орны сүрлэг өндөр хайрханы нэг болох Хэнтий аймгийн Ноён уулыг тахих ёслол 2015 оны 06 сарын 13-ны өдөр болж өнгөрлөө. Босоо Хөх Монгол ТББ-аас зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уламжлалт ёсондоо нэг тахисан уулыг гурван жил дараалан тахидаг ёстой ажээ. Учир юу вэ гэвэл “энэхүү уулын баялаг, байгалийг сүйтгэх аюултай гадаадын Centera Gold компани тусгаарласан хашаа, тор татаж, ухах зөвшөөрлөө авчихсан байгаа бөгөөд одоо зөвхөн тоног төхөөрөмжөө л хүлээж байгаа” гэнэ. Тахилгад “Гэрлийн өргөө” бөөгийн холбооны 40 гаруй бөө нар ирж өглөөний 07-11 цагийн хооронд тахилга зан үйлээ хийсэн юм.
“Гэрлийн өргөө” бөөгийн холбооны зайран н.Тэнгэрхүүтэй цөөн хором ярилцлаа
-Ноён уулыг тахин шүтэж, хамгаалж байгаагийн учир юу вэ?
-Монголчууд эрт дээр үеэсээ газар ус, уул хайрханаа тахин шүтэж ирсэн. Үүний учир юу вэ гэвэл аливаа өндөр хайрхан уулнуудын дор усны зангилаа оршдог. Зангилаа гэдэг маань газрын гүний усны эх, ундрага байдаг гэсэн үг. Мөн тэрхүү зангилаа, усны ундрагыг дагаж алт, эрдэнэс, баялаг оршдог. Тухайн газар нутгийн усны ундрага, байгалийн тогтоцыг тахин шүтсэн уул нь дэлгэрүүлж байдаг гэсэн үг. Үүний нэг нь энэхүү Ноён уул юм. Харин тахин шүтэж, хайрлан хамгаалах нь эзэн болсон бидний үүрэг мөнөөсөө мөн билээ. Гадаадын компани энэ сайхан байгалийг сүйдэлж, усны эхийг ширгээж, уул нурууг маань сүйдлэх аюултай шийдвэр гарсан энэ үед уул хайрханы савдагууд маань хүчтэй, тэнхээтэй байгаасай гэсэн үүднээс өнөөдөр гэрлийн өргөөний улаачид маань нэгдэж энэхүү тахилга тайлгыг үйлдэж байгаа юм.
-Гэрлийн өргөөний хичнээн улаачид ирсэн бэ?
-Манай бөөгийн холбооноос нийт дөрвөн галын 40 гаруй бөө ирсэн. Бөөгийн хүч, зан үйл сэргэж буй энэ цаг үед бид ч мөн хүчээ нэгтгэж уул усаа тахиж, хамгаалах нь улс эх орныхоо төлөө хийгдэх цаашдын үйл хэрэгт хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа юм.
Ч.Мандахнар