“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүхийг өмөөрөхүй …

Авлигатай тэмцэх газраас “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг үгсэн хуйвалдаж бусдад авлига өгсөн, сангаас их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

Цагтаа Н.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамгийн ойрын хүн байсан гэдэг. Эрхэм сайд маань Таван толгойн тендерийн хэрэгт холбогдоод байсан ЗГХЭГ-ын дэд дарга асан, хүргэн Г.Дэнзэнгээ шалгагдаж эхлэхэд нь төвөггүйхэн хэргээс мултлаад авчихсан гэдгийг олон нийт харсан. Харин дотны нөхөр, төрийн хар хүн  Н.Хүрэлсүхийг хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.

Н.Хүрэлсүхийн хувьд 1995 оноос эхлэн Ардчилсан залуучуудын холбоонд амь амьдрал, бие сэтгэлээ зориулсаар ирсэн. Тэр л үеэс өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт нохой мэт үнэнчээр зүтгэсэн цөөхөн хүмүүсийн нэг гэдгийг хэн хүнгүй л мэднэ.

Гэтэл Н.Хүрэлсүх өнөөдөр юуны учир, ямар хэрэгт орооцолдож буруудсан нь олны анхаарлыг татаж эхэллээ. Өмнөх Засгийн газрын үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт нохой мэт зүтгэж, Засгийн газраас явуулсан “Цэвэр агаар” төсөлтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Н.Хүрэлсүх л удирдан залж ирсэн санагдана.

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр чамгүй их ажил хийж багагүй үр дүнд хүрээд байгааг холбогдох албаныхан ч хэлж байгаа. Хамгийн наад зах нь нийслэлийн 190 мянган өрх айлын 140 мянгийг нь сайжруулсан зуухаар хангасан.

Түүнийг энэ их нүсэр ажлын ард нь гарч ч амжаагүй байхад ийнхүү буруутгасанд учир мэдэх хүмүүс ундууцаж сууна. Сэтгүүлч бид хардах эрхтэй. Энэ ч утгаараа Н.Хүрэлсүхийг дээрх нэр дурдсан хоёр сайдын гар хөл болж хөдөлснөөрөө “аав”-ынд очих болтлоо буруудаж байна гэж хардаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотын өмнө тулгамдсан хамгийн том асуудал болох агаарын бохирдолттой нүүр тулан ажиллаж буй төрийн хар хүнээ аар саархан зүйлээс болж хорьж цагдах нь хэр зохимжтойг бодож үзэх л ёстой.

Ер нь өнөөгийн нийгэмд хүний гараар могой бариулдаг моод хүчтэй дэлгэрлээ гэхэд нэг их дэгэсдсэн болохгүй л болов уу. Үүний жишээ нь “Мөнгө угаасан” гэх “МИАТ” компани, Татварын ерөнхий газар, “ГОК”-ын хэргүүд. Эдгээр хэргийн захиалагчид буюу нэгдүгээр эгнээнийхэн хэзээ ч ил гараагүй. Эцэст нь өнөөдөр нэгдүгээр эгнээнийхэн буюу захиалагч боссуудын ажлыг гардаж явуулсан хоёрдугаар эгнээний гүйцэтгэгчид хэдэн арваараа “аав”-ын хаалга татаж эхэлсэн нь нууц биш юм. Тэгэхээр “Цэвэр агаар сан”-гийн эл хэргийн нууц ноёнтон хэн бэ гэдгийг хууль хяналтынхан шалгах л хэрэгтэй.

эх сурвалж: images (1)

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …