Охин амиа алдахынхаа өмнө аавдаа зодуулаад “Уучлаарай аав аа…” хэмээжээ

jk8b1jq0fkpg5vlrvsre9la93_l-Т.Цогт: Охины маань буяны ажилд оролцсон бүх хүнд баярлалаа-

Дөрөвхөн настай охиноо зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид 10:30 цагт эхэлсэн юм. Хуралдааныг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Ш.Төгсгэрэл нар оролцсон бол Улсын яллагчаар Д.Цолмон, шүүгдэгч Г.Маралмаа, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Т.Цогт,түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, н.Энхбаатар /энэ удаагийн хуралд анх удаа орж ирсэн/ хохиргч Б.Өнөржаргал, түүний өмгөөлөгч Б.Манлайжав, Д.Дарханбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцлээ.

 Г.Маралмаа: Хүний хүүхдийг асарч халамжилж чадаагүйдээ харамсаж байна

Шүүх хурал эхлэх үед сэжигтэн Г.Маралмаа  27 долоон хоногтой буюу зургаан сар гарантай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч байгааг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх бүрэлдэхүүнд уламжилсан юм.

Г.Маралмаа 1990 онд төрсөн гоо сайханч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 хэмээн мэдүүлжээ. Тэрээр өмнөх нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулаагүй учраас ам бүл 3 гэж мэдүүлсэн аж. Маралмаагийн 5 настай охиныг хадам ээж нь асран хүмүүжүүлдэг юм байна.

7iohkvpanqn67pam67jn0cfrjcӨмнөх болон энэ удаагийн шүүх хуралд ч шүүгдэгч Г.Маралмаа охины үхэлд гэмшсэн шинжгүй байсан бөгөөд биеийн байдал нь таагүй байсан учир шүүх хурал эхлэхэд мэдүүлэг өгч байгаад гэнэт бие нь муудан эмчийн тусламж авахаар танхимыг орхин гарсан юм. Тиймээс шүүгдэгч Т.Цогт танхимд мэдүүлэг өгөн түүний мэдүүлгийн дараа шүүгчид Маралмаа танхимд орж ирээгүй учраас 20 минутын завсарлага авав. Учир нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмч  дууджээ. Энэ үед Маралмаа шүүх танхимын үүдэнд сандал түшин “Хүүхэд гарах гээд байна” хэмээн ёолж байлаа. Удалгүй шүүх танхимд эмчийн хамт орж ирэн дусал залгуулан шүүх хурлыг үргэлжлүүлсэн юм.

Тэрээр “Би охинд гар хүрдэггүй байсан. Үгэнд орохгүй зөрүүдлээд байхаар нь хааяа бөгсөн дээр нь алгадаж байсан. Хоёрдугаар сарын 14-нд охин гарах гэж байгаад шатнаас унасан. Би охинд гар хүрч байсан тохиолдлууд байгаа ч үхэлд хүрэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан удаагүй. Цогт хоёрдугаар сарын 15-нд охиноо өмдөндөө баасан гээд цагдаагийн суран бүсээр хоёр удаа ороолгосон. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан зэрэг бэртэл гэмтлээс болсон байх. Хүний хүүхдийг асарч халамжилж чадаагүйдээ харамсаж байна. ГССҮТ-д хүргэгдсэн тэр өдөр өөрөө сахиад үлддэг л байж гэж бодож байна. Нийтийн байранд амьдарч байсан гэрч Отгоо Цогттой дотно харьцаатай  байсан учраас миний эсрэг хуурамч мэдүүлэг өгсөн. Би охинд хэзээ ч гар хүрч зодож байгаагүй. Бөөгийн зан үйл охинд хийж байгаагүй” хэмээн шүүх танхимд мэдүүлж байв. Түүнийг ийн мэдүүлж байхад Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ зөрж байгааг хэлж байлаа.

Улсын яллагч Г.Маралмааг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэмээн буруутган, 23 жилийн ял төлөвлөж байгаагаа хэлэхэд Г.Маралмаа ухаан алдан унаж, дахин эмчийн тусламж авсан бөгөөд удахгүй сэргэсэн байдалтай танхимд ирсэн юм.

Г.Маралмаа 2013 онд тэнсэн харгалзах ял авч байжээ

Шүүгдэгч Г.Маралмаа тэнсэн харгалзах ялтай байсныг шүүх хурлын эхэнд хохирогч Б.Өнөржаргалын өмгөөлөгч Манлайжав дэлгэн түүнийг “Ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн” хэмээн шүүх бүрэлдэхүүнд баримтаар дэлгэсэн юм. Г.Маралмаа 2013 оны есдүгээр сарын 5-нд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145.2 гэсэн зүйл ангиар хоёр жилийн ял сонсон нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан аж. Түүний өмгөөлөгч М.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд “Тэнсэн харгалзах ял дууссан бол түүнийг өмнө нь ял эдэлж байсан гэж тооцохгүй. Тиймээс анх удаа хэрэг үйлдсэн хэмээн харгалзан үзэхийг хүсэж байна” гэх хүсэлтийг уламжилсан.

Г.Маралмаа Т.Цогтыг “Сахиусаа авахгүй бол охин чинь үхнэ” хэмээн бөө болгожээ

Талийгаач охины эцэг Т.Цогт эл хэрэгт ихэд гэмшсэн байдалтай харагдаж байсан бөгөөд тэрээр Маралмааг танхимаас гарахад мэдүүлгээ өгч эхэлсэн юм. Ингээд Т.Цогтын шүүхийн танхимд мэдүүлсэн мэдүүлгийг сийрүүлэн хүргэе.

“…Би Өнөржаргалаас салаад  Маралмаатай 2014 оны зургаадугаар сарын 24-наас нийтийн байранд хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд наймдугаар сард Өнөржаргал надтай уулзан ажил хийх хэрэгтэй байна гээд охиноо авчирч өгсөн. Тухайн үед Г.Маралмаа ажилгүй гэртээ байсан учраас би охиныг сар гаруйн хугацаанд харсан. Дараа нь 2015 оны хоёрдугаар сараас охиныг дахин өөр дээрээ авсан. Би Маралмааг бөө гэдгийг хамт амьдарч эхэлснийхээ дараа л мэдсэн. Маралмаа надад “Чи ч гэсэн бөө, сахиустай юм байна. Бөө болж сахиусаа авахгүй бол охин чинь үхнэ” гэсэн. Би бөө болсон ч ямар нэгэн зан үйл хийдэггүй байсан. Маралмаа онгод тэнгэрээ буулгахаар өвөө буудаг байсан. Маралмаа нэг удаа өвөөгөө буулган охиныг  маань “Эхийнх нь хормойн бузар шингэсэн байна” гээд манжгаар /үзүүр хэсэгтээ суртай мод/ ороолгосон. Тэр манжгаараа намайг ч гэсэн ороолгон зан үйл хийж байсан. Охин Маралмааг өвөөгөө буулгахаар их айдаг байсан. Би ч гэсэн Маралмаагийн бөөгийн зан үйлээс айдаг байсан. Талийгаач охиныг минь 2014 оны зургадугаар сар болтол миний эцэг харж байсан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-15-нд би ээлжийн амралтаа хэсэгчлэн авч гэртээ талийгаач охин болон Г.Маралмаатай байсан. Хоёрдугаар сарын 14-нд би ломбарданд тавьсан бөгжөө сунгуулан ойр зуурын хэрэглээнд зарцуулахаар утсаа тавихаар гарсан. Тэгээд ломбард ортол ажиллахгүй хаалттай байсан учраас харьсан. Намайг гэрт ирэхэд охины хөмсөг  хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Маралмаагаас яагаад ийм болсныг асуухад манай найзын хүүтэй тоглож байгаад шатнаас унаад ийм болсон гэсэн. Охин маань ч тэр үед би шатнаас унасан гэж хэлсэн учраас би Маралмаагийн үгэнд итгэсэн. Маргааш өглөө нь ломбард руу дахин явахад Маралмаа араас утсаар ярин охин чинь өмдөндөө баачихлаа ирж цэвэрлэ, надаар цэвэрлүүлэхгүй байна гэсэн. Би 30 минутын дараа ирэхэд охин баасан өмдтэйгээ үүдэнд зогсож байсан. Би ч гэсэн тухайн үед уурлаад баасыг нь цэвэрлээгүй. Охиноо дахин өмдөндөө бааж болохгүй гэдгийг нь ойлгуулахаар цагдаагийн суран тэлээгээр бөгсөн дээр нь аяархан хоёр ороолгосон. Би хүүхдээ чанга зодож чаддаггүй. Тэгэхэд охин уйлаагүй, ил харагдах шарх сорви үлдээгүй. Охин маань “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход өмнөх өдөр нь шатнаас унасан нүүр ам нь хөхөрсөн байхад дэмий л охиндоо гар хүрч гэж харамсаж байна. Миний охин багаасаа л биеэ даасан цовоо сэргэлэн хүүхэд байсан. Өөрөө хөтөвч дээрээ бааж, шээгээд гаргаад асгадаг байсан учраас тэр өдөр ахиж ингэж болохгүй шүү гэж сануулах үүднээс л гар хүрсэн. Маргааш нь ээлжийн амралт дуусч ажилдаа өглөө эрт явсан. Гэтэл Маралмаа над руу залгаад “Охин хөл дээрээ зогсож чадахгүй байна хурдан ир” гэсэн. Би тухайн үед хэргийн газарт үзлэг хийж байсан учраас түргэний эмч дууд, би завгүй байна гэж хэлсэн. Ингээд Маралмаа охиныг таксигаар авч яваад  Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очсон байсан. Намайг араас нь эмнэлэг дээр очиход гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүл. Тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй гэсэн. Гэмтлийн эмнэлэг дээр охиныгоо аваад очиход тархины нарийвчилсан томограф зураг авахуул, эмнэлэгт хэвтэх шаардлагатай, ажиглах хэрэгтэй гэсэн. Гэтэл  Маралмаа бохир заваан эмнэлэгт охиныг сахиад хэвтэхгүй гэсэн. Би бас ажилтай байсан учраас Өнөржаргалыг дуудая гэж бодсон ч эмч гайгүй ажиглаад байж болно гэхээр нь тэр хүнд бас төвөг удаад яахав гэж бодоод хэлээгүй. Эмч “Хэрэв хэвтэх боломжгүй гэвэл заавал бичиг хийж өг. Тэгээд гэрээр ажиглаад байж болно. Маргааш тархины нарийвчилсан зураг авахуул, өнөөдөр оройтсон байна” гэсэн. Охин маань ааваа гэртээ харъя гээд сэргэлэн цовоо байсан болохоор би эмчийн хэлсний дагуу бичиг хийж өгөөд эмнэлгээс охиноо аваад харьсан. Охин тэр орой хоолоо идээд гэртээ зүгээр л байсан.  Би охиныхоо хаана нь өвдөж байгааг байн байн асуусан. Тэрээр хөл рүүгээ заан гуя өвдөж байна гэсэн. Үзэхэд гуяны дотор хэсэгт улайж хөхөрсөн байсан. Шатнаас унахдаа л ийм болж дээ гэж бодсон. Харин маргааш нь охины бие муудан ийм байдалд хүрлээ. Би охиныхоо үхэлд шууд бусаар буруутай.  Гэхдээ миний охины үхэлд Маралмаа ч буруутай. Би түүнийг надад худлаа хэлэн охиныг зоддог байсныг мөрдөн байцаалтын явцад хавтаст  хэрэгтэй танилцахдаа мэдсэн. Маралмаагийн найз Сугар манайд огт ирээгүй гэж мэдүүлсэн байсан. Бас манай эгчийн хүүхэд Нарангэрэл хааяа намайг ажилтай байхад ирж хүүхэд хардаг байсан. Тэр ч гэсэн Маралмаа бөөгийн зан үйл үйлдэн охиныг минь зоддог байсныг гэрчилсэн байсан. Хүүхэд болохоор Маралмаагаас айгаад надад юу ч хэлдэггүй байж. Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо өөр дээрээ авчихаад эцэг хүний үүргээ биелүүлж чадаагүйдээ Өнөржаргалаас уучлал гуйж байна. Бяцхан охино асарч, хамгаалж чадаагүй миний буруу. Өнөөдөр ажлаа алдан энд хоригдож байгаадаа болон цаашид авах ял шийтгэлдээ харамсахгүй байна. Би хайртай бяцхан охиноо алдсандаа л маш их харамсаж байна. Би ямар ч шийтгэл ногдуулсан хүлээхэд бэлэн. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Би охиныхоо буяны ажилд оролцож чадаагүй. Хорих ангийнхнаас гуйн охиныхоо араас зул өргүүлсэн. Охины маань буяны ажилд оролцсон бүх хүнд баярлалаа” хэмээн хоолой зангируулан ярьж байлаа.

2umdom98n2fqmutd9kbd7771bu-Охин Маралмаад зодуулаад “Баярлалаа өвөө, гялайлаа өвөө” гээд мөргөдөг байжээ-

Талийгаач охины ээж Б.Өнөржаргал өмгөөлөгч Б.Манлайжав, Д.Дарханбаатар нарын хамт шүүх хуралд ирсэн байв. Тэрээр өмнөх шүүх хурлууд дээр өмссөн ягаан биеийн тамирын хослолтой, нарны шил зүүн нүүрээ халхалсаар гаднаас орж ирсэн. Хүүхэд харж хандах хүнгүй ганцаараа байдаг учраас аргагүйн эрхэнд охиноо төрсөн эцэгт нь өгсөн хэмээн ярьж байсан тэрээр шүүх хуралд өөрийн талын хамаатан, садан гээд 6 хүний хамт иржээ. Харин талийгаач охины ээж Б.Өнөржаргал шүүгч болон хоёр талын өмгөөлөгчдийн асуусан асуултад нэлээд уцаарласан өнгө аясаар хариулж байсан бөгөөд 7 цаг гаран үргэлжилсэн шүүх хурлын явцад дусал ч нулимс гаргасангүй.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …