Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зун цаг ирэхүйд хурдан морины унаач хүүхдийн гийнгоо чимээ, уртын сйахан аялгуу дуун дэлхийд ганцхан монголд наадам ойртож буйг олноо тунхагладаг.
Энэ жил Хүй долоон худагт монгол наадмын түүчээ болж даага, соёолон насны морь уралдаж, 128 бөх барилдан, мэргэн харваачид болон шагай харваачид нь сум юугаа тавьсан бэсрэг наадам, иргэдийн баяр зохион байгуулагдлаа. Үүнийг наадам гэж хэлэхийн зэрэгцээ иргэдийн баяр гэж нэрлэж байгаа нь цаанаа учиртай. Төрийн ажлыг иргэний баяртай хослуулан зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн баяр наадам гэж нэрлэвэл илүү зөв мэт.
Нийслэл Улаанбаатар хотын хамгийн олон хүн ам оршин суурьшдаг Сонгинохайрхан дүүрэг анх удаа төр захиргааны байгууллагуудынхаа үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлуудаа дүүргийн иргэддээ тайлагнах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ “Иргэдийн баяр”-ыг Хүй мандалын өргөн дэлгэр дэнж дээр зохион байгуулах шийдвэр гаргасан нь нүдээ олсон хэрэг болжээ.
Энэхүү наадмаар дүүргийн төр захиргааны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлсний зэрэгцээгээр тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд нь идэвх санаачлагатай оролцон өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж байсан нь тус баяр наадмын арга хэмжээнд хүрэлцэн очсон иргэд хөдөлмөрчдийн талархалыг хүлээсэн үйл явдал болж байлаа.
Тус наадмын үеэр үндэсний бөхийн 2 ангилалд бөхчүүд барилдсан ба ингэхдээ сумын цолгүй 64 залуу бөхчүүд барилдаж, түрүүлж шөвгөрсөн бөхчүүдэд Сумын заан, начин бол олгох бол мөн улс аймгийн алдар цолтой 64 бөхчүүд мөн барилдаж байгаа юм. Эдгээр бөхчүүдийн хувьд Улсын баяр наадмын өмнө барилдааны бэлтгэлээ базаах их сорилго барилдаан болж байгаагаар онцлогтой ажээ.
Хүй долоон худгийн дэнжийг хотойлгосон дэлгэр сайхан наадмын эхлэлийг ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас амжилттай зохион байгууллаа. Баяр наадамд тус дүүргийн иргэдийн сонголтыг хүлээж УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сумьяабазар нар хүрэлцэн очиж, иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
Ц.Мөнх