Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ. Хөдөлмөрийн салбарын тулгамдсан асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах мөн энэ салбарт хууль эрх зүйн шинэ орчин бүрдэх болсонтой холбоотой салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөж байна.
Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг шинэчлэлийн засгийн газрын үед “Төрийн албаны тухай хууль” болон бусад хуулийг зөрчиж хууль бусаар томилсноос болж монгол төрийн албанд эрх зүйн чадамжгүй хүмүүс 2 жил гаруй хугацаанд ажиллаж байсныг Шийдлийн засгийн үед өөрчилж хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд өнөөдөр жинхэнэ мэргэжсэн төрийн албан хаагчдыг томилсон гэж Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн мэдэгдлээ. Энэ дагуу хөдөлмөрийн салбарын удирдах ажилтнууд зөвлөгөөнөө хийж байна.
Улс орны эдийн засаг хүнд байгаатай холбоотой ажилгүйдлийн түвшин нэмэгдэж өнөөдөр 7,9 хувьтай, төрийн албан хаагчдын сарын дундаж цалин 700 мянган төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байгаа нь иргэдийн амьдралын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Үүнээс болж цалингийн зээлтэй иргэдийн тоо 2,2 дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Энэ мэтчилэн төр хувийн хэвшлийн цалин хөлсний ялгаа ихтэй, салбарын түвшинд хөдөлмөрийн хөлсний тогтолцоо бүрдээгүй байгаа нь анхаарах асуудал. Тэгвэл 17 жил мөрдсөн хөдөлмөрийн хуулиа шинэчилж энэ салбарт хууль эрх зүйн шинэ орчин бүрдэнэ. Хуулийг хаврын чуулганд багтаан хэлэлцэхээр ажиллаж байгааг дуулгалаа.
Ийнхүү хөдөлмөрийн салбарын удирдах ажилтнууд өнөөдөр тулгамдсан асуудлаа шийдэх, цаашдын зорилгоо тодорхойлохоор хоёр өдрийн турш зөвлөлдөнө.
Эх сурвалж: udur.mn