Т.Дэлгэрмөрөн: Миний тухай мартаарай, бид энэ бүхнийг давах ёстой

-08072015-1436349519-994378146-deegii1Үндэсний их баяр наадамд зориулж рок, поп, хип хоп дуучид нэгдэн “Сайхан наадаарай” нэртэй концерт тоглох гэж байна. Долдугаар сарын 10-ны үдэш “Crocus” event hall-д болох энэ тоглолтод уран бүтээлчид хамгийн шилдэг бүтээлүүдээрээ наадамчин олонд бэлэг барихаар бэлтгэл хангажээ. Энэ тоглолтын талаар дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа.

-Үндэсний их баяр наадмыг угтсан “Сайхан наадаарай” нэртэй концерт болох нь ээ?
-Тийм ээ. Юуны түрүүнд танай  сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би анх удаа танай сайтын зочин болж ярилцлага өгч байна. Та бүхэнтэй уулзаж өөрт тохиолдсон болон өрөөлийн тухай сонин хуучлах болсондоо баяртай байна. Монголын төр, түмэн нийтээрээ баярладаг сайхан наадам тун удахгүй болно.

Баяр наадмыг угтаж Монголын урлагийн салбарт орон зайгаа эзэлж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, урлагийн холбоодууд хамтран түмэн олондоо зориулж “Сайхан Наадаарай” уриан дор хамгийн шилдэг үзүүлбэрүүдээ тоглож, үзэгч олондоо сайн сайхныг бэлэглэхээр санаа сэтгэл нэгдлээ.

-Концерт хоёр хэсэгтэй болно гэж дуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нэгэн үдшийг баяртай өнгөрүүлэх хүсэл тэмүүлэлтэй Улаанбаатар хотынхоо хүн бүхэнд амьдралынх нь нэгэн салшгүй дурсамжийг үлдээж чадах шоу тоглолтыг зохион байгуулахад бэлэн боллоо.

Энэ тоглолтод Харанга, Чингис хаан, Хар сарнай, Камертон, Номин талст, A Sound, Lemons, Lumino хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Номин, хийлч Дэлгэрцэцэг зэрэг Монголын шилдэг уран бүтээлчид оролцоно. Энэ бол концертын нэгдүгээр хэсэг. Хоёрдугаар хэсэг нь, “Mongol Mix” DJ Production-ы уран бүтээлээр үргэлжилнэ. Олон түмэн маань ямар нэгэн тоглолт болон үйл ажиллагааг үзэгчийн суудлаас харж суудаг уламжлалаасаа энэ удаа татгалзах юм аа.

banner_0708-190122-1118653704

Рок, попынхон арай өөр зүйлийг сэдсэн. Үзэгчид чөлөөтэй үйлчилгээ авч, хамтлаг дуучдыг сонсож, хамтдаа дуулан бүжиглэцгээе. Дурлалт хосууд, найз нөхөдтэйгээ ирээрэй. Манай залуучууд тоглолтын дараа хаачих вэ, яах вэ гэх асуудал байхгүй, цааш нь үргэлжлүүлэн шоудах боломжтой. “Crocus” event hall-д хамгийн сүүлд Никитон, Камертоны тоглолтууд зохион байгуулагдсан.

-Тасалбар нь ямар үнэтэй бол?
-Бид үзэгчдэдээ зориулж билетийг хоёр хэсэгт хуваасан. Нэг нь 100 мянган төгрөгийн үнэтэй VIP зэрэглэлийн, хоол ундтай үйлчилгээ байгаа. Нөгөөх нь 40 мянган төгрөгийн үнэтэй тасалбар бий, үүндээ бонус багтсан. Ямар нэг үйл ажиллагааг зоxион байгуулж, хариуцаж буй хүмүүс маш өндөр хариуцлагатай байх ёстой.

Нэгдүгээрт, үзэгчдээ хүндэлж байгаа хэрэг. Хоёрдугаарт, чанар чансаа. Тоглолтыг “On and Off” продакшн зохион байгуулж байна. Тэгэхээр маш сайн зохион байгуулалт төсөөлөгдөж байгаа биз. Энэ тоглолт бол ард түмэндээ эрч хүч, энэ хорвоогийн сайн сайхныг өгөх гэж байгаа уран бүтээлчдийн сэтгэлийн нэг оргил юм. Хүний амьдралд тохиолдох баяр гунигийн алийг тэр гэх вэ

deegii2-190358-90253814920150708190405

Өнөөдөр дэлгэсэн тэрлэг шиг Монголын сайхан орон, Монголд төрсөн бидний баяр, дэлхийд ганцхан монгол наадам болж байна. Энэ сайхан тоглолт бол зовлон зүдгүүрээс ангид байж, баяр жаргалыг урдаа тавин илүү их эрч хүч энерги бүхий уран бүтээлч хүмүүсийн ариун сэтгэлийн цугларал юм. Тоглолтоос цугласан тодорхой хэмжээний мөнгө бусдын сайн сайхан, гэрэлт амьдралын төлөө зориулагдана.

Энэ үйл ажиллагааны гол эзэн нь манай гэр бүлийн амьдрал юм. Баяр наадам болох гэж байна. Бидэнд бас сүсэг, бишрэл гэж байдаг. Тийм учраас юм болгоныг “хандивын, туслаач ээ” гэсэн өнцгөөс шууд хандмааргүй санагдсан. Олон түмнээ сэтгэлд нь хүртэл баярлуулж, сэтгэлийн цэнгэлийг эдлүүлээд тэнд цугласан мөнгөний тодорхой хувийг бусдын сайн сайхны төлөө зориулж байгаа юм аа.

-Гэргий тань хүнд өвчин туссан тухай мэдээллийг нийгмийн сүлжээнээс харж, бусдын адил эрүүл саруул болохыг ерөөж суулаа?
-Эхнэр минь ходоод гэдэсний хорт хавдар гэдэг өвчинд өртчихлөө. Би хүнд тусалж л явсан болохоос өөр дээр ийм амьдрал хүрээд ирнэ гэж бодож байсангүй. Өвчин гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг юм байна аа. Яг нүдээр үзэж, биеэрээ мэдэрч байна. Дуучин миний хувьд амьдралын сайнтай муутай хорвоог туулж л явна.

Жилийн өмнө би ээжийгээ яг энэ өвчнөөр алдаж байлаа. Дахиад эхнэр минь ийм өвчинд эзлэгдээд ирэхэд надад тэмцэх, гэр бүлээ аврах хэрэгтэй юм байна гэсэн хатуу бодол орж ирсэн. Сайхан хайр гэж байдаг шүү дээ, олбол алдаж болохгүй гэдэг. Өнөөдөр надад ийм өндөр хариуцлага нь ирлээ. Хайртай хүнийхээ төлөө, охиныхоо төлөө сайхан амьдралынхаа төлөө би зүтгэнэ. Ганцаараа туулах гэж хичээсэн, чимээгүй байх гэж үзлээ, эцэстээ намайг сөхрүүлэх гээд байна.
Уран бүтээлч хүнд урлагийн гэр бүл гэж үнэхээр том гэр бүл байдаг юм байна. Миний төлөө, бидний элэг бүтэн сайхан амьдралын төлөө ингэж ариун сайхан сэтгэлээрээ нэгдэж чадсан уран бүтээлч ах эгч нар болон найзууддаа үнэхээр их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйгээр манай гэр бүл давна, ялна гэсэн бодолтой байна.

Ерөнхийдөө миний тухай мартаарай. Бид энэ бүхнийг давах ёстой. Олон түмний итгэл, хариуцлагыг даах ёстой. Ямар ч зүйлд хариуцлага гэж байдаг, энэ хариуцлагыг би өндөр түвшинд дааж гарна. Бидний хайрын төлөө нэгдсэн сайхан сэтгэлт монгол түмэндээ “Сайхан Наадаарай” уриан дор баяр цэнгэл, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх сайхан тоглолт зохион байгуулна аа. Тэнд цугларсан эрч хүч миний амьдралд туслах болов уу гэж бодож байгаа.

Тийм учраас бүгд гоё оролцоод, дэмжээсэй. Тэр олон хүнийг цөмөөрөө сайхан баярлуулахсан, өөрсдөө бас баярлаад авахсан гэж бодож байгаа шүү. Түүнээс “Дээгий минь, эвий минь” гэж битгий хараарай. Хэрвээ тэгж хандвал энэ амьдралыг туулж байгаа надад шаналал болно шүү. Би тэнгэрлэг эрч хүчтэй, хиймортой явахыг хүсдэг учраас өвчин зовлонг умартаад монгол хүн бүрийн төрсөн өдөр мэт энэхүү баяр наадам сайхан болоосой гэж бодож байна.

Үндэсний их баяр наадмын салхийг хагалж рок, попын уран бүтээлч гэр бүл шилдэг бүтээлүүдээрээ наадамчин олондоо бэлэг барих нь. Энэ баярт үдэш эрч хүч, сэтгэл зүрхээ урлагт зориулсан залуугийн гэр бүлийн итгэл сэтгэлийг сэргээх эрчим хүчний бөөгнөрөл болоосой. Тэр хайртай хань, хөөрхөн охин, гэр бүлийнхээ төлөө чадах бүхнээ зориулан хүнд өвчинтэй тэмцэхээр шийджээ.

Ийм үед хайртай ханийнх нь талаар ярихад амаргүй ч зүрх гарган асуулаа. “Энэ талаар ярихад хүндхэн байна. Миний эхнэрийг эзэлж аваад байгаа вирус бол миний амьдралын хэмнэлтэй цаг биш, минут, секундээр уралдаад эхэлчихлээ. Тэгэхээр та бүхэн дотроо нэгийг бодно биз ээ. Би болон манай гэр бүл үүний эсрэг бат зогсож байгаа.

Маш эрч хүчтэй, зоригтой байгаа. Миний хэзээ ч хүсэхгүй зүйл бол ялагдал. Хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа энэ өвчнийг ялж болдгийг харуулж, олон хүнд итгэл өгмөөр байна. Надад олон хүн тусалж байгаа, тэднийхээ итгэлийг дааж гармаар байна” хэмээн дуучин Дээгий чин үнэн сэтгэлээсээ хэлснийг уншигч Танаа уламжилъя.

“Crocus” event hall 2000 хүний суудалтай, Улаанбаатар хот маань нэг сая гаруй хүн амтай. Тэгэхээр тасалбарын тоо хязгаартай. Тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарсан бөгөөд 1900-1950 лавлах руу утас цохивол үнэгүй хүргээд өгнө. Та бүхэн тайзанд ойр, хамгийн гоё суудлыг сонгоё гэвэл очиж авбал бүр ч сайн. Баяр наадмын эхний үдэш товлосон газартаа цуглацгаая.

Та концерттой холбоотой нэмэлт мэдээллийг 91995590,99880070 дугаарын утсаар авна уу.

 

Э.Энхмаа 

Эх сурвалж: gogo.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …