Айргийн үнэр, гийнгоон дуу, дагуулсан Улсын баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Зөвхөн Монголд л байдг эрийн гурван наадмын бэлтгэл хангагдаж, үзүүр, түрүүгийн таамаг ч эхэлж байна. Дэнж хотойлгох монгол бөхийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал байсан гэсэн үг аж.
2. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд гурван янзын наадам болдог байсан. Үүнд, монголчуудын бух барилдаан, халх бөхийн барилдаан, Өвөрмонголын барилдаан орно. Эдгээрт монгол бөхийн элемент орсон байдаг ч хоорондоо дүрэм, өмсгөлийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг.
3. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний “Б” нь “М” болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.
4. Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна.
5. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар 1600-гаад жилийн түүхтэй аж. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
6. 2005 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.
7. Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.
8. Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд, дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг, нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.
9. “Малгай” -Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.
10. “Залаа”-Үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.
11. “Зодог” – “Саран” ба “Уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан гэдэг.
12. “Нөмрөг”- Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруун талын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө. Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.
13. “Гутал” -ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.
14. 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх болсонтой холбоотой гэж тайлбарладаг.
15. 1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Б. Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ.
16. Дархан аварга Х. Баянмөнх 10 түрүү, Б.Түвдэндорж 7 түрүү, Ж. Мөнхбат 6 түрүү, Д. Дамдин 5 түрүү, Д Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр нар 4 түрүү авсан алдар суутай бөхчүүд юм.
17. Үндэсний бөхийн барилдааны гараа, дэвээ, шаваа, эдэлж хэрэглэж буй хувцас өмсгөлүүд, цол олгох болон, цоллох журам, ам угтуул авах, тахим авах, тахим өгөх ёс, бөхийн засуул, хөлийн цэц гэх зэрэг үйлдлүүд нь тус бүр онцгой утгатай байдаг.
18. Үндэсний бөхийн барилдаан нь өөрийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай бөгөөд барилдаан эхлээд дуусах хүртлээ дараах гурван үед хуваагдана. Үүнд: Эхэн буюу гаралтын үе, үндсэн буюу барилдааны үе, төгсгөл буюу оролтын үе юм.
19. Оноолт хийх, ам авах, бөх тавих, тахим авах ба өгөх зэрэг өвөрмөц ойлголтууд байдаг . Барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ. Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах. Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.
20. Бөхийн гараа нарийн учиртэй. Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм. Харин шаваа нь бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.
21. Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ “Турхаг”, “Хэвтүүл”, “Баатрууд” гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.
22. Чингис хааны 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн наадам тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ наадамд монгол бөхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.
23. Монгол туургатны үндсэн төлөөлөл болсон зургаан үндэстний бөх байдаг. Үүнд, Өвөр монгол, Үзэмчин бөх, Ойрад Ордос бөх, Ойрад /Шиньжаны/ бөх, баруун монголын бус ноолдоон бөх, Монгол /халх/ бөх багтана.
24. Монгол бөхийн зодог нь битүү байсан бөгөөд дээр үед эмэгтэй хүн барилдсанаас болоод энгэр задгай болсон гэдэг домогтой.