Бөө зайран нэртэй элдэв хүмүүс нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болоод цөөнгүй жил болж байна. Тэгвэл бөө хэмээн ийм хийрхэлд автаж, тийрэн буулгасан хүмүүсийг энэ хүнд зовлонгоос нь салгаж өгдөг гэдгээр нь олон түмэн сайн мэддэг Ангар зайрантай өмнө хийсэн ярилцлагаа дахин хүргэж байна.
Хар дархадын Хуулар овгийн зайран Тунгалагийн Ангартай ярилцлаа.
–Та өөрийгөө манай уншигчидад товч танилцуулаач, бөө мөргөлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
– Намайг Тунгалагийн Ангар гэдэг. Би Хар дархадын Хуулар овгийн зайран хүн. Миний хувьд мөргөлийн зан үйлд оролцоод тодорхой хэмжээний цаг хугацааг ардаа орхилоо. Бөө мөргөлийн хуучин байсан мөн чанарыг өнөөгийн нөхцөл үндсэн утга зорилгоо алдаж, бөө мөргөлийн шинэ цагийн хэлбэр дүрс нэрийн дор бусдын бий болгосон зохиомол зан үйл рүү орж байгаад их харамсдаг. Энэ зохиомол зан үйл гэгч нь юу вэ гэвэл бөө мөргөлийг хувь хүмүүс мөнгөний нүдээр олж хараад, түүнийг мөнгөтэй болох арга хэрэгсэл болгон,хувийнхаа амьжиргааны хэрэгцээг хангахын тулд ашиглаж, улмаар бусдыг уруу татан өөртөө урвуулан сүлжээний бизнес санхүүгийн үйл хэрэг мэт болгосон буруу зуршил явсаар байна. Үүний уршиг нь юу вэ гэвэл бөө мөргөл хэмээн Монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан үйл, эцэг өвгөдөс улбаатай шүтлэгийг хүмүүст буруугаар ойлгуулан, хэлбэр дүрс, өнгө, хэв маяг, жаяг ёс, заншил зан үйлийг бүгдийг нь дур зоргоороо өөрчлөн “бусниулж” байна.Тийм учраас би бөө мөргөлийн уг чанар алдагдлаа гэж хэлээд байгаа юм. Одоо цагт хүссэн болгон нь бөө болдог болж дээ, хэн нэгэнд амьдралын жам ёсны өвчин зовлонтой тулгарах, хүний амьдрал юм хойно унаж босох хүнд хэцүү цаг үе тохиолдох бүрд түүнээс гэтэлгэх арга нь бөө болох ёстой юм шиг жишиг хандлага тогтоход хүрлээ. Зовж зүдэрсэн хүн аргагүйн эрхэнд бусдаас арга чарга асуухад тэдний өвчин зовлонд нь дөрөөлөн онгодтой юм байна, онго тэнгэрээ хүлээж ав гэж хэлж болохгүй ээ.
Энэ бол маш буруу зүйл. Бөө болно гэдэг бол хэн нэгэн хүн онгодтой гэж хэлэнгүүд, хурдан түргэн онгодоо хүлээж аваад болчихдог хэрэг огт бишээ. Бусдын хэлсний дагуу хуяг хувцас, зохиомол дээл хунар бэлдэж, хэнгэрэг дүнгэрэг нүдэж бөө болно гэдэг бол асар буруу зүйлээ. Монголчууд бөө мөргөлийнхөө тухай мэдлэг дутмаг, энэ зан үйл нь олон зуун жил тасараад эргэж сэргэж байгаа эл цаг үед буруу зөрүү хэлбэрээр шүтэх хандлага элбэг байна. Эцэг өвгөдөөс улбаатай бөөгийн зан үйлийн учрыг нийтээрэ бид сайн ойлгож чадахгүй байна.
– Сургалтын аргаар буюу олон шавь төрүүлэх, бусдад бөөгийн зан үйлийг зааж өгөх нэрийдлээр олон шавь авах явдал бөөгийн зан үйлд байж болдог юм уу, үүнд та шүүмжлэлттэй хандаж байгаа юмаа даа
– Миний хувьд үүнд шүүмжлэлттэй хандах төдий биш бүр эсэргүүцэж байна. магадгүй зарим хүмүс бөөг буддын шашинтэй дүйцүүлэн ойлгодогоос ийм зүйл эхлэлтэй байх гэж би боддог. Лам дээр жишээ аваад үзье лдээ. Лам хүн шашинтай, судартай, сургалттай, заах арга барилтай, албан ёсны шүтлэгийн хэлбэртэй, лам боохын тулд хийд орон газар багш барин шавьлан сууж тодорхой цаг хугацааны дагуу суралцдаг шүү дээ. Харин бөө бол үүнээс тэс өөр. Хүнд байгалтас заяасан мэдэрхүйгээрээ эх дэлхий, байгаль газар устайгаа шууд харьцаг. Энэ мэдрэмж хүн сурах эсэхээс үл хамааран өөрт нь өгөгддөг зүйл. Тиймээс хүн энэ мэдэрхүйгээ өөрөө удирдан хөтөлж чадах тэр цагаас эхлэн энэ далд мэдрэмжээ хөгжүүлж чадвал байгаль эх газартайгаа харьцана гэсэн үг. Харин олон шавь төрүүлнэ гэдэг бол үүний эсрэг зүйл. Олон хүн өөртөө элсүүлэн шавь авсан багш өөрөө л өргөл барьцаар нь амжиргаага болгодог биз. Монголын бөө мөргөлийн түүхэнд сургалт системтэйгээр дамжуулан олон арван шавь төрүүлж байсан түүх байдаггүй. 50, 100, 200 шавь төрүүлдэг гэх бөө нарыг хараад үнэндээ их гайхдаг. Ийм олон хүн нэгэн зэрэг тэнгэртэй харьцдаг болно гэж юу байх вэ, хүн болгон ид шидтэй болчихвол бидний амьдрал сайхан болно биз дээ. Эрдэм чадалтай бөө болно гэдэг бол сургалтаар олгодог чанар биш, олны дундаас тэнгэрт сонгогдсон цөөн хэдэн хүний л өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвартай холбоотой юм шүү.
– Бөөгийн зан үйлд онго тэнгэрээ дуудаж харьцдаг. Тэгэхлээр одоо цагт төрөөд байгаа энэ олон бөө удган, зайрангууд бүгдээрээ онго тэнгэртэй гэж итгэж болох уу?
– Монгол хүн болгон тэнгэртэй, хууччуул “харсан тэнгэр” гэж ярьдаг байсан даа, Монголчууд эртнээс тэнгэрээ дээд шүтээн болгож шүтэж ирсэн уламжлал бий. Гэхдээ онго тэнгэрийг биедээ урин дуудаж, газар лус, хангай дэлхий, эцэг өвгөдийн сүнстэй харьцдаг тухайд бол өөр хэрэг. Ийм хүн бол нэг ёсондоо 6 дах мэдэрхүйтэй арай өөр “төрсөн” хүн түүнийгээ жирийн хүнээс өөр түвшинд хөгжүүлсэн гэсэн үг. Бид бусдыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ энэ олон бөө нар өөрсдийгөө онгод буулгаж байна гэж бодож байж болох юм. Үнэндээ онгод буулгадаг хүн бол удаан хугацаанд оршин тогтнодог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад удган, зайрангууд 1-3 жил бөөлөөд болчихдог, 4-5 жил болохоор бие хаа нь өвдөөд, үхэх хагацахдаа хүрээд байдаг болсон юм билээ.Ийм нөхцөл үүсээд байгаа бол тухайн бөө онгод тэнгэртэй харьцсан хэрэг бишээ. Харин тэр бөө биедээ завсарын сүнс буулгасан юм уу, эсвэл сэтгэлийн хөөрлөөр бөөлөөд улмаар үүндээ итгээд бөө болчихоод байна гэсэн үг. Чухамдаа тухайн хүнд үнэхээрийн онгод байна уу үгүй юү гэдгийг маш нарийн хэмжүүрээр мэдэж болдог . Юуны өмнө тухайн улаачид онгод тэнгэр нь ил болон далд байдлаар маш сайн мэдэгдсэн байх ёстой. Түүнийг хөтөлж байгаа багш нь маш нарийн зөв тогтоох шалгах ёстой. Тэгээгүйгээс, тухайн улаачид өөрт нь бөө мөн гэж гүн итгүүлснээс болж сэтгэцийн өвчлөлийн нэгэн адилаар тухайн улаач өөрийгөө бөө гэж бодон итгэх явдал байна. Ардын уламжлалд ийм өвчлөлийг “Хийрэнтэх”гэж нэрлэдэг. Зарим хүмүүсийн хувьд онгодтой гэхээсээ илүү “хийрэнтэх” өвчинд нэрвэгдсэн байх нь олон байна. Энэ бол тухайн улаачид ямарч онгод тэнгэр ирээгүй байхад бөө гэдэгтээ гүн гүнзгий итгэснээс болж зөвхөн өөрийнх нь нүдэнд элдэв дүрс, хүн амьтан харагдаж, улмаар хий хоосон зүйлд итгэж, хачин солжуу юм ярьж байгаа байдлаар илэрдэг. Түүнчлэн бөөд “тийрэнтэх” гэж бас бий. Энэ бол элдэв завсарын сүнс, албин чөтгөр тухайн улаачийн биед орж буудаг болсноос болж улаачийнхаа амин энергийг сорьж, түүнийг архи, тамхинд дуртай болгож, донтуулж, өвчлүүлж, нойргүйдүүлж, уур уцаарлуулж, ухамсар ухаанаас нь холтгодог. Ийм зүйлийг бид өөрсдөө ялгаж салгаж болох юм шүү дээ уг нь /инээв/
– Таны хувьд ийм бөөг ялгаж таньж чадах уу, ийм хүмүүстэй уулзаж, ярилцаж, суудал суудлыг нь харж байв уу? Ийм буруу зөрү явдал тухайн бөөд болон гэр бүл ураг удамд нь ямар нөлөө үзүүлэх вэ?
– Миний хувьд ийм хүмүүсийг хараад танина. Гэхдээ та “хийрэнтсэн”, “тийрэнтсэн” байна гэж хэлбэл олон хүмүүс уурлана, уцаарлана, эсэргүүцнэ. Хүн буруу байсан ч өөрийнхөө итгэж байгаа зүйлийг хамгаалдаг инстинктэй шүү дээ. Гэхдээ цөөн боловч ухамсартай улсууд буруугаа мэдээд зөв тийшээ өөрийгөө залах, заримдаа өмсгөл зүүсгэлээ бүрмөсөн тайлахдаа ч хүрнэ. “Хийрэнтсэн”, “тийрэнтсэн” бөөгийн хувьд архи уудаг болно, нойр нь хүрэхээ болино, бөөлөөд ирэхээрээ галзуу хүн шиг шөнө унтаж амарахаа мартана, хоол унданд муу болж турж эцнэ, бие нь амархан өвчлөмтгий болно, элдэв өвчин илэрнэ, үүний шалтгаан нь дээр хэлсэнчлэн тухайн улаачийн эрчим энерги сорогдож байгаатай холбоотой. Үүний дараа аргаа бараад зарим улаачид өмсгөл зүүсгэлээ шатаагаад, бөө байхаа больсон байдаг. Ингэнгүүт бүх зүйл хуучин хэвэндээ орж, тухайн хүн эрүүл зүгээр болох жишээний. Мэдээжийн хэрэг гэр бүлийн нэг гишүүн нь ийм хүнд нөхцөл байдалд ороход тухайн гэр бүл урам удынханд ямар сайн байх уу, бөө төрлөө гээд хэдэн жил баахан тахилга тайллага хийж, санхүү мөнгөө зарцуулаад байсан хүн нь гэнэтхэн бөө байхаа болих явдал тохиолдоно шүү дээ.
Хэнгэрэг бариад, өмсгөл өмссөн бүхэн бөө болдоггүй гэдгийг бид сайн санах учиртай. Зарим хүмүүс бүр санаасаа зохиож бөөлөөд байж харагдах юм. Их догшин ширүүн, хаад ноёд буулгадагч гэнэ үү, ийм зүйл барагтаа л байхгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр л бөөгийн төлөө ухамсар сэтгэлээ зориулна гэж бодож байгаа бол алдаа мадагаа ямар нэг байдлаар засаж залруулаад, онго тэнгэрээрээ зааварчлуулаад л явах учиртай.
– Магадгүй “хийрэнтсэн”, “тийрэнтсэн” бөө, улаач нар энэ зүйлээсээ холдож салья гээд тань дээр очвол та засаж, залруулж өгөх боломжтой юу?
– Боломжтой, боломжтойгоор барах уу, над дээр буруу зөрүү явж байсан олон бөө ирсэн, тэднийг хувцас өмсгөлөөс нь салгаж, энэ “буруу үйлээс” нь холдуулж өгсөн. Онгод гэдгийг танихын тулд хувь хүний сэтгэлийн цэвэр ариун байдал хэрэгтэй. Түүнээс биш махаа идэхээ болиод л, гаднаа цэвэр ариун бөөгийн дүр эсгээд болчихдог зүйл биш. Өөрөө засарч төлөвлөөгүй хүн онгодыг дуудахгүй. Бид ваннтай усанд орохдоо ваннаа цэвэрлэж байгаад ордог шиг онгодыг дуудахын тулд эхлээд хувь хүний бие махьбодыг ариун байлгах ёстой.
– Онго тэнгэр буусан үедээ хувь хүнтэй холбоотой засал хийхээс гадна улс орны, нийгмийн сайн сайхны төлөө айлдвар сургаал, зөн тавьдаг уу
– Тийм шүү, хувь хүнийг эзэж харах асуудал аль ч зайран удганд байдаг. Харин улс орны аж байдал, цаг агаар, мал ахуйн байдал, тухайн жилийн өнгө, монгол түмний сайн муу байдлын тухай тодорхой түвшний онгодууд хэлнэ. Ийм байдлыг онгод билгийн тооллоор он солигдох мөч, цагаан сарын өмнө битүүний өдөр жилдээ нэг л удаа хэлж айлтгадаг.
– Монголчууд бид өөр хоорондоо эвтэй байхтай холбоотой, амьдралдаа мөрдөж явбал зохилтой тийм сургаалыг онго тэнгэр айлддаг уу?
– Бөө мөргөлийг зүгээр л нэг хүнд засал хийх, өвгөн зовлонг аргадах төдийхөнөөр ойлгож болохгүй. Эртний мэргэдээс судар бичгээр өвлөж ирээгүй түүх шаштир, сургаал айлдварыг өвөг дээдсийын онгон сүнс бидэнд хэлж өгдөг. Өнөө цагийн Монголчууд бидний алдаж онож байгааг дээд тэнгэрээс тольдоод юух хийж болох, юуг хийгүй байх тухай болон өөр хоорондоо эвтэй байх, газар усандаа хүндэтгэлтэй хандах, уур хилэн, муу санаа, архи дарс, өш хонзон сайн зүйлд хүргэдэггүй тухай аман сургаалыг айлдаж, түүнээс хол байхыг захиж хэлэх нь энүүхэнд. Тэр бүү хэл тууль хайлах, ардын аман зохиолоос хүүрнэх, үлгэр ярих, домог хэлэх гээд олон сайхан зүйлийг онго сахиус улаачаараа дамжуулан өнөөгийн бидэнд айлдах нь бий. Хүн аливаа зүйлд сэтгэлээрээ, дотоод мөн чанараа дайчлан ажиллах, зүтгэж, хөдөлмөрлөх юм бол хүсэл эрмэлзлэл нь бодитой болж, биелэж, хэрэгжиж эхлэдэг. Үүний тулд хүнийг төлөвшүүлэх, дотоод сэтгэлийн мөн чанарыг нь “сэрээх” үүргийг бөө нар гүйцэтгэдэг гэж ойлгож болно.
Энэ мэтчлэн нийтэд хүргэхүйц олон сайхан сургаал айлдвар бий. Болж өгвөл ийм сургаал айлдварыг олон нийтэд түгээж хүргэх нь чухалтай. Харамсалтай нь хүмүүс тэр бүр үүнийг ойлгож ухамсарлаж чадахгүй байна. Бөөгийн айлдвар дах нийтэд хандсан зарим зан үйлийг бид хэрэгжүүлж чадах юм бол энэ нийгэмд худал хуурмаг, булай булхай, хулгай дээрэм, элдэв хүчирхийлэл аллага гарахгүй байх бололцоо бүрдэхүйц тийм ёс суртахууны сургаалууд ч бий.
– Энэ олон бөө нарыг иргэд бидний хувьд сайн муу гэж ялгаж таних боломжгүй, мэдээж олон дотор худал хуурамч нэг нь байдаг л байх, үүнийг дээд тэнгэрээс ялгаж гэсгээнэ гэж байх уу?
– Миний оюун бодлын хувьд буруу, худал хуурмаг бөөг тэнгэр гэсгээнэ гэхээс илүү тэд өөрсдөө энэ үйлдээ үйлийн үрээ эдлэх буй заа. Та боддоо 2000 оноос хойш хичнээн олон бөө сүлжээний аргаар төрөв, хэн хэдэн шавь хэдэн төгрөгөөр төрүүлэв гээд бодоод үзвэл толгой эргэх их мөнгө төгрөгний тоо гарах биз. Хүн гэдэг амьтан энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцахдаа юуны тулд ингэж улайран эд хөрөнгөнд шунана вэ? Эд мөнгөнгөөсөө болж багш шавь гэгдэх бөө нар шүүх цагдаадаа тулж, бие биедээ дайсагнан хандаж байна. Үйлийн үр гэдэг бичигдээгүй хууль энэ хорвоогийн бүх зүйлд үйлчилдэг гэдгийг ийм хүмүүс нэг санаасай даа гэж бодох юм даа. “Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрахсан…” гэж нэг сайхан үг бий дээ уг нь.
– Таны онго тэнгэрийн хувьд нийтэд хандсан олон сургаал хэлсэн байдаг гэж сонссон, үүнийгээ ямар нэгэн байдлаар олон нийтэд хүргэх бодол бий юу?
– Миний хувьд нийтэд хандан айдсан онго тэнгэрийн айлдварыг 2010 оноос эхлэн бичиж тэмдэглэж авсан байдаг. Ийм айлдварууд тэр бүр буугаад байдаггүй ээ. Жилдээ 1-2 удаа л айлддагддаг. Тэр болгоныг нь бичиж тэмдэглэж авсар өдийг хүрлээ. Харин одоо түүнийгээ ном болгон хэвлүүлж олон нийтэд хүргэх санаа байна. Айлдварын гол утга санаа нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд Монгол хүн юуг дагаж мөрдөн юуг санаж сэдвэл амьдрал ахуй нь аятай сайхан байх вэ гэдэгт чиглэсэн дагаж мөрдөх заавар, ёсзүйн зөвлөгөө гэмээр сайхан сургаал санаанууд байдаг. Эдгээр сургаалыг бид бодит амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол бидний өдөр тутмын амьдрал уур хилэн, утга учиргүй шунал хүслээс цээрлэж, өөр хоорондоо эв түнжинтэй, амар амгалан аж төрөх, улмаар сэтгэл санааны гэгээн гэрэлд хүрэх тухай юм.
– Монгол хүн бүр дор бүрнээ ямар зүйлийг анхаарч, анзаарч явбал зохилтой талаар онгод тэнгэр юу хэлдэг юм бол?
– Монгол хүний үг их хатуу байдаг гэлцдэг юм билээ. Муухай үг хэлсэн ч, сайхан үг хэлсэн ч биелэлэ олох гээд байдаг гэнэ. Тиймээс бид өөр хоорондоо аль болох сайн сайхан үг хэлэлцэж байх нь чухал. Монголчууд бид бол дэлхийн бусад улс гүрнүүдээс шал өөр гентэй, өвөрмөц соёлтой, өөр ухамсартай ард түмэн шүү дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай ард түмэн өөртөө итгэх итгэлээ жаахан гээчихээ юу даа л гэж бодогддог. “Итгэлээ алдвал буг болно, сэтгэлээ алдвал сүг болно” гэж ардын үг байдгийг бид дээр дооргүй л санаж сэрэх хэрэгтэй болсон мэт. Өөртөө итгэхгүй бусдаас бүхнийг асууна,өөртөө өөртөө, өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэх хэрэгтэй. Одоогийн залуус өөртөө итгэхгүйн улмаас юу хийх гэж байгаа, хэнтэй нөхөрлөж байгаа, юу амьдралдд чухал, юу амьдралд хортойг ялгаж салгахгүй байгаа нь тэдний амьдралд алдаа болж эргэж байна.
Өнөөгийн монгол хүмүүс дунд амин хувиа хичээж, өөрөө л болж байвал бусад хүмүүс хамаа алга гэсэн бэртэгчин бодол толгойдоо тээсэн хүмүүс олон болоод байх шиг.
– Хүмүүс өөртөө итгэх нь бөө, ламд итгэснээс чухал гэж та хэлэх гээд байна уу
– Энэ асуудал хоёр талтай. Жишээ нь нэг хүний ажил үйлс бүтэхгүй боллоо гэж бодьё. Ингээд тэр хүн ламд очиж гүрэм ном уншуулж, бөөд очиж засал заваг хийлгэж байгаа нь тухайн хүн өөрийн сэтгэлийнхээ хоосон орон зайд энергийг, домын аргаар дүүргэж байна гэсэн үг. Тооны хэлээр бол 50:50 гэсэн үг, үүний 50 хувь өөртөө итгэх итгэл буюу бодит байдал дах алдаагаа үлдсэн 50 хувиар буюу бөө удган, лам хуврагт очиж “дүүргэж” байна гэсэн үг.Бөө ламаар явах онцын шаардлагагүй хүн хий дэмий бөө ламаар явахынхаа явдал мөрө өөрөө шинжээд, алдаа бурууга өөрөө засаад явчих боломжтой. Үнэхээр бодит амьдрал дээр болохоо байсан зйүл гарч ирээд, шийдэж чадахгйү болсон тохиолдолд л бөө дээр очиж болох. Түүнээс биш “мах хэрчиж байгаад гараа эсгэснийхээ” төлөө бөө дээр очдог юм гэж юу байхав дээ.
– Бидний яриа өндөрлөх боллоо, та олон жил онго тэнгэртэй харьцаж байгаа хүний хувьд Монголчуудад хандан юу хэлэх вэ?
– Монгол хүнд сэтгэхүйн хөгжил хэрэгтэй байна. Бидэнд оюуны хөгжил бол байна, бид 21-р зуунд өмсөж зүүх, эдлэж хэрэглэх, идэж уухаар дутсангүй, бид орос англи хэлтэй, дээд боловсролтой, унах унаа, амьдрах орон байраар дутсангүй ээ. Гагцхүү сэтгэл доторхи хөгжил алга байна. Тэр нь юу вэ гэвэл, хүлээх, тэвчих, хайрлах, ухамсарлах гэх зэрэг сэтгэлийн бодитой зан чанарууд бидэнд үгүйлэгдэж байна. Залуусын хайр нь хүртэл худал, хуурай, өнгө мөнгө хөөсөн байх жишээтэй. Ийм учраас өнөө цагт эцэг өвгөдийн шүтлэгийг эргэж сэргээгээд, хүмүүн бүр сэтгэл дотроо үүнийг санан улмаар бодит болгож явах буюу бидэнд хамгийн хэрэгтэй байгаа сэтгэлээ хөгжүүлэх нь чухал байна даа гэж хэлье дээ.
Т.Ангар зайран зөвшөөрсний дагуу түүнтэй холбогдох утсын бид хүргэж байна. Уншигч та бүхэн түүнээс асууж лавлаж тодруулах, санал бодлоо солилцохыг хүсвэл 9907-9007 утсаар холбогдож болох юм.
Ярилцсан Ц.Мөнх