МАН-ыг ЗГ-ын бүрэлдэхүүнээс гаргаж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анх хэрхэн урьж залж байсан талаар УИХ-ын гишүүд, МАН-ын Бага хурлын гишүүд дурсан ярьж, хуучилж байна. Тэгвэл тэрхүү урилга заллага нь ямар захидал байсаныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-ын Бага хуралд илгээх илгээлт
Бага хурлын эрхэм гишүүдээ!
Бид бүхний хэлбэрэлтгүй сахин мөрдөх учиртай Үндсэн хуулийн зарчмыг баримтлан түүний хэргэжилтийг хангах зорилгоор парламентад суудалтай бүх улс төрийн нам, эвсэлд Засгийн газарт хамтран ажиллах урилга хүргүүлсэн билээ.
Бага хурлын эрхэм гишүүн та бүхэнд АН-аас томилогдсон Ерөнхий сайдын хувиар биш Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар хандаж байна.
Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байна. Би Ерөнхий сайдаар томилогдсон хэдхэн хоногт Монгол Банк, Сангийн яам, гадна дотны зөвлөхүүд, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчидтэй уулзаж нөхцөл байдлыг дүгнэн санал бодлоо солилцож хийх ажлаа төлөвлөж байна.
Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм.
Бидэнд бие биенээсээ нуугаад байх юм алга. Аль алинд нь болохгүй бүтэхгүй зүйл ярьж яваа хүмүүс зөндөө бий. Гэхдээ манайд танайд ашигтай хэн нэгэн нь хожих, алдах тухай ярих цаг биш болжээ. Хожвол хоёулаа, алдвал хамтдаа алдах нөхцөл байдал үүсээд байгааг хэлэх гээд байна. Бидэнд нэг бол Грек, Исланд, Итали, Португал шиг болж популистуудад санаачлагаа хөтлүүлж, гадаа гудамжинд эрх мэдлээ алдах нэг зам байна. Эсвэл нэгдэн нийлж энэ хямралаас эх ороноо гаргах нөгөө зам байна.
Би УИХ-ын нэгдсэн чуулган дээр өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Нэг хэсэг нь эрх барьсанаараа, нөгөө хэсэг нь хурц шүүмжилсэнээрээ рейтинг нэр хүнд нь суга өсөөд байгаа зүйл хэн хэнд нь алга.
Харин улс төрийн намуудын энэ их талцалд гутарсан итгэл алдсан хүмүүсийн тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илүүтэй яаж ч даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх вэ? гэдэг асуудал, нөгөөтэйгүүр улс төрийн намуудаас илүү зохион байгуулалт, хүний нөөцийн олонлог, хариуцлагаа бүрэн ухамсралдаг, хүлээдэг өөр хүчтэй нэгдэл байхгүй гэдгийг л нийгэмд ойлгуулах журамт үүрэг л биднийг хүлээж байна.
Энэ үүргээ бид олонхи цөөнх болж хагарч бутрах замаар биш, хамтарч нийлж зүтгэх замаар л зарчим, үзэл баримтлалаар нийлсэн хариуцлага хүлээх өндөр чадвартай хамгийн том хоёр намын хувьд биелүүлж чадна.
Бид хамтарч нийлж нэгдсэн үедээ хүнд сорилтуудын ард амжилттай гарч чаддаг гэдгээ нэг бус удаа харуулсан юм.
Бид 7 –р сарын 1-ний хүнд шалгуурыг нэгдэж давсан, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралыг мөн л хамтдаа давж гарсан. Өнөөдөр гурав дахь хүнд шалгуурыг мөн ингэж давахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна.
Та бүхнийг өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямархуу хүнд нөхцөл байдалд байсныг би улс төрчийн хувьд сайн ойлгож мэдэрч байгаа. Гэхдээ өчигдөрөө өнөөдрийн амьдрал болговол маргаашийн тухай ярилтгүй болно.
Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц”гэж ярьдаг нь ч учиртай.
Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна.
Хоёр намын бүлгээс томилогдсон ажлын хэсгүүд сүүлийн гурав хоногт ажил хэрэгчээр үр дүнтэй хамтран ажиллаж чадлаа.
Хэрвээ тус бага хурлаар дэмжигдвэл бид хамтран ажиллах үндсэн чиглэлүүдээ тогтоож чадна. Улс төр, эдийн засаг, парламент дахь намуудын хамтын ажиллагаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, орон нутгийн чиглэлээр тогтсон ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Ерөнхий сайдын хувьд гүйцэтгэх засаглалыг дайчлан ажиллах болно гэдгээ та бүхэндээ илэрхийлж байна.
Олон намын мөрийн хөтөлбөр байгаа учраас үлдэж байгаа хугацаандаа хямралаас гарах хамтарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ажлын хэсгийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байна.
Би яг өнөө өглөө жирийн нэгэн бизнесмэнээс авсан мэйлээ уншиж өгье :
“Би ямар ч зүйлд гарах гарч байдаг, ямар зүйлийг засч залруулах боломж байдаг гэдэгт итгэдэг. Гагцхүү тэр орооцолдсон утасны үзүүрийг нь олон нь хамгийн чухал.” тэгээд эхний ээлжинд ийм зүйлүүдийг хийгээрэй гэж захисан бөгөөд дараа нь үргэлжлүүлээд “Мэдээж хэрэг эдгээр шийдвэрүүдийг саадгүй гаргахад өөрийн чинь дэвшүүлээд буй Их эвслийн Засгийн газар суурь нь болж өгнө. МАН-ыг засагтаа яаж ч байсан заавал оруулаарай. Би сайхан Монгол орныхоо ирээдүйд итгэдэг.” гэсэн байгаа юм.
Асуудлаа эрүүлээр харж байгаа, эх ороноо хурдан босгочих юмсан, хөгжүүлчих юмсан гэсэн ийм хүмүүс олон байгаа гэдэгт мөн энэ хүмүүсийн дэмжлэгт итгэдэг учраас улс төрийн хожоо нам бүлгийн эрх ашиг ярихаа түр орхиж улс ороноо, үр хойчоо бодох цаг иржээ гэдгийг л та бүхэнд хандан уриалж байна.
Эрх ашгийн эрэмбэ дараалал биднийг ингэх ёстой гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Төгсгөлд нь та бүхэнд нэгэн чухал бичиг баримтыг эргэн сануулъя.
“Манай нам улс орныхоо язгуур эрх ашиг, ард түмний сайн сайхан амьдрал, хөгжил дэвшлийн төлөө олонхи болсон үедээ цөөнхтэйгээ эрх мэдлээ хуваалцаж, үндэсний эв нэгдэл, улс төрийн соёл, тогтвортой байдлыг ямагт эрхэмлэн дээдэлж, намын эрх ашгаас төр түмнийхээ эрх ашгийг дээгүүрт авч үзэж ирсэн улс төрийн туршлагатай ууган хүчин билээ.
Тиймээс Монгол Ардын Намын 27-р Их хурал улс орны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж дараахь Уриалгыг гаргаж байна.
Нэг. Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч, хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна. Туурга тусгаар Монгол Улсын төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
МАН-ын 27-р Их хурлын төлөөлөгчид. 2013. 10. 28” гэжээ.
МАН-ын Бага хурлын эрхэм гишүүдээ!
Монгол Улс маань гуравхан сая хүн амтай, аравхан тэрбум долларын эдийн засагтай улс. Бодлогын зөв өөрчлөлт, гацсан ганц хоёр асуудлыг нь байрнаас нь хөдөлгөж, дэмжсэн ургашлуулсан хоёр гуравхан салбарын хөгжил, нэгдсэн нийлсэн хоёр гуравхан намын хамтарын зөв ажидгаа бидний хямралт байдлыг эрс өөрчилөх болно.
Тийм учраас үүрэг хариуцлагаа ухамсарлая, хэрэгтэй шийдвэрүүдээ зориг зүрхтэй гаргацгаая, өөдрөг байж итгэл үнэмшлээ эргүүлэн олж авцгаая, хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж эх ороноо бодон хамтдаа зүтгэцгээе.
Монгол Улсын шинэ үеийн түүхийн 28 Ерөнхий сайдын үнэмлэхүй олонхи буюу 22 –ыг нь төрүүлсэн улс төрийн ууган хүчин улс ороноо бодсон шийдвэр гаргана гэдэгт би итгэж байна.
МАН-ын Бага хурал МАН-ынхаа 27-р Их хурлын шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэдэгт би итгэж байна.
Ардаараа нэрлэгдсэн танай нам жинхэнэ Монгол ардын гэдгээ батлана гэдэг би итгэж байна.
Тусгаар тогтнолын энэ ордноос туурга тусгаар Монгол улсаа бодсон шийдвэр гарна гэдэгт би итгэж байна.
Төр улс, түмэн олныхоо төлөө нэгдэн зүтгэцгээе.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг
2014.11.29 өдөр