Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилгыг өнөөдөр гардуулж өглөө.
Энэ хичээлийн жилд 20 оюутныг бакалаврт мэргэжлийн чиглэл харгалзахгүй, 96 магистр, 35 докторыг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалан зэрэг мэргэжлээр суралцуулах юм.
Дээрх санамж бичгийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн 5 жилийн хугацаанд нийт 1000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг жил бүрийн хавар талууд хамтран зохион байгуулж байх юм. Суралцагчид 1 жилийн хятад хэлний бэлтгэлд суралцан хэлний шаардлага хангасан тохиолдолд цааш үргэлжлүүлэн суралцдаг тул тэтгэлэгт хамрагдах сонирхолтой иргэд хятад хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн байх шаардлага тавигдана.