Засгийн газарт 6 сайдыг шинээр томилох асуудал нэг хэсэгтээ гацаанд оров. МАН-ын 6 сайдыг Засгаас хөөгөөд “Шударга ёс” эвсэлтэй ойлголцоод засгаа байгуулаад хамтраад цааш явчихна гэж бодсон АН, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тохиролцоонд Ерөнхийлөгч “саад” болов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойн баярын хурлын индэр дээрээс маш чангаар “авлигачийг суллуулахгүй” гэж өндөр дуугаар “хашгирлаа”. Тэрбээр үүнийгээ хэд хоногийн дараа ёсчлон Өршөөлийн хуульд бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьлаа. Ингэснээр АН, МАХН-ын 6 сайдын томилох тохироо гацлаа.
Үнэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр дахин улс төрд орж “тоглох” болсонд учиргүй ихээр бухимдав, бас уурлав. Үүнийг түүний прокуроруудад хандаж хэлсэн 70 минутын лекцний 50 минут нь нэрийг нь нэг ч дурьдаагүй авлигачийг суллах ёсгүй гэсэн үгнээс ойлгож болно. Хэрэв зээ шударга ёсны тухай, авлигын тухай ярих гэж байгаа бол АН-д, МАН-д, төрд одоо байгаа авлигачдын тухай ярих ёстой. Харин тэр энэ тухай ярьсангүй, бүх “сумаа” Н.Энхбаяр руу чиглүүлсэн.
Үүнд нь Н.Энхбаяр дургүйцэн, Ерөнхий сайдтай анх тохиролцсон 2 сайдын суудлынхаа тоог нэмэх, цаашлаад Хууль зүйн сайдыг “Шударга ёс” эвсэлд өг гэсэн хатуу шаардлагыг “шантааж” болгон эсрэгцүүлэн тавьсан. Үүнийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хийсэн тайлбар нотлоно.
Магадгүй АН-ын зүгээс Шударга ёс эвсэлд өгөх сайдын суудлынхаа тоог нэмэхгүй бол, мөн Өршөөлийн хуулийн хоригийг АН-ын бүлэг УИХ-аар хүлээж авах юм бол Н.Энхбаяр Засагт орохгүй гэсэн биз.
Ингээд АН-д, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүнд асуудал тулгарсан. Засгаа авч үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр Өршөөлийн хуулийг хэвээр үлдээгээд цааш явах, нөгөө бол Өршөөлийн хуулийг хүлээж аваад АН-ын 6 сайдаа томилуулж чадахгүй улмаар огцрох.
Хэрвээ Засгийн газар огцроод тодорхой хугацаанд дахин байгуулагдаж чадахгүй бол Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа байгуулж чадахгүй байгаа УИХ өөрөө тарах ёстой болдог. АН-тай Шударга ёс эвсэлтэй ойлголцож чадахгүй бол, тэдэнд Засагт хамтрах өөр сонголт гагцхүү МАН үлдэнэ. Гэвч тэд МАН-ын 6 сайдыг сар хүрэхгүй хугацааны өмнө засгаас хөөчихөөд эргээд тэднээс хамтарья гэж царайчлах нүүр байхгүй. Үүнийг урьдчилан харсан АН-ын зарим гишүүд УИХ-ыг хугацаанаас өмнө нь тарах нь зүйтэй гэсэн байр сууриа нэгэнт илэрхийлээд эхэлжээ.
Ингэхлээр тэдэнд засгаа авч үлдэх эцсийн найдвар Шударга ёс эвслийн дарга Н.Энхбаяр юм.
Н.Энхбаяр өөр рүү нь “давшилж” байгаа Ц.Элбэгдоржид ямар хариу барихаа тооцсон байгаа биз. Уг нь Н.Энхбаяр Ц.Элбэгдоржтой дайтья гэж ирээгүй. Харин түүнийг эх орондоо ирэхэд нь Ц.Элбэгдорж өөрөө “дуэль”-д дуудчихлаа. Энэ дуэльдээ тэрбээр АН-ыг, Засгийн газрыг чирээд оруулчихлаа. Ямартай ч нэг хэсэгтээ Н.Энхбаяр ямар шийдвэр гаргахаас Засгийн хувь заяа нэгэнт хамаарах болчихоод байна.
Зарим ажиглагчдын хэлж байгаачлан Хууль зүйн яамыг Шударга ёс эвсэл авч, О.Баасанхүү гишүүн сайд болвол хууль эрх зүйн салбарын үйл ажиллагаа Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний бие биенээсээ өш хонзонгоо авах талбар болж хувирна гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй биз ээ.
Н.Энхбаярыг эрх мэдэлд хүрнэ гэхээс “үхтлээ айсан” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар ч үнээр хамаагүй түүнийг зогсоохыг оролдож байгаа сурагтай. Ингэхдээ тэрбээр авлигачдад үйлчилж байдаг гээд шүүмжлээд байсан хэвлэл мэдээллийг ч өөрийнхөө талд ашиглахаар “зүтгүүлж” байгаа гэнэ.
Хэрвээ энэ үнэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын “улс төрийн жүжиглэлт” монгол төрийг хөлдөө чирэх нь бололтой.
Судлаач А.Тамир