Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагартай ярилцлаа.
-Хатан туул голоо хамгаалья үндэсний хөдөлгөөн хэзээ байгуулагдсан бэ? Өнгөрсөн хугацаанд Туул голоо аварч үлдэхийн төлөө юу хийв? Мэдээж Туул голын өнөөгийн нөхцөл байдлыг судалж үзсэн байх?
-Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн 2013 онд үүсэн байгуулагдсан. Үүсэн байгуулагдах замнал нь анх Шувуун фабрик, Био Комбинатаас эхэлсэн. Тухайн бүс нутгийн иргэд цэвэр усны баталгаагүй орчинд ус хэрэглэдгээс үүдсэн. Манай Үндэсний хөдөлгөөний гол зорилго бол Туул голын эргэн тойронд байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход оршиж байгаа. Цаашлаад цэвэр усны нөөцөө хамгаалж хадгалж авч үлдэхийн тулд бүхий л чадлаараа ард түмэнтэйгээ хамтран ажиллаж байгаа. Туул голын сав газраар олборлолт хийж байгаа 160 гаруй карьерын үйлдвэр байна. Хуулийн дагуу болон хууль бус аргаар. Эдгээр карьерын үйлдвэрүүдийн 60 орчим нь нөхөн сэргээлтэнд огт оролцдоггүй. Карьерын хор уршгаас хамаарч Туул голын цэвэр ус их хэмжээгээр газрын гадаргуу руу алдагддаг. Ингэснээр цэвэр ус хэдэн зуун шоо метрээр үр ашиггүй ширгэж байна. Эхнээсээ таслан зогсоогоод эхэлсэн. Нөгөөтэйгүүр Туул голын энгийн хамгаалалтын бүсэд 200 метр дотор барилга байгууламж барьж байгаа асуудлууд байна. Барилгууд Туул голын бургасыг хэдэн зуун мянгаар устгаж, хөрсийг гэмтээснээр Туул гол ширгэх нөхцөл бий болж байна.
Мөн Туул голын эрэг дагуу байрлах амралтын газрууд бохирын асуудлаа 100 хувь шийдэж чадаагүйгээс Туул голд их хэмжээний бохирдол нийлүүлэгдэж байгаа.
Харгиа цэвэрлэх байгууламжаас арьс ширний үйлдвэрүүдийн хяналтгүй бохир орж байна. Эндээс хром гэдэг бодис Туул голд алдагдаж байгаа. Энэ нь хүний удмын санд нөлөөлдөг, цаашлаад хорт хавдар, харшил өөр олон төрлийн өвчин үүсгэж байдаг аюултай бодис байгаа юм.
-Мэдээж цэвэрлэх байгууламжийн асуудал байгаа?
-Тэгэлгүй яахав. Улсын төв цэвэрлэх байгууламж цэвэрлэх биш харин ч эсрэгээрээ бохирдуулдаг байгууламж болж хувирсан. Энэ бол төрийн бодлого үгүйлэгдэж байгаагийн жишээ. Олон 10 жил үүнийг ярьсаар байгаад аюултай түвшинд хүргэлээ. Хавар 50 орчим сая төгрөгөөр зүгээр л гал унтраах төдий засвар хийсэн. Энэ бол онцын ач холбогдолтой засвар биш. Тиймээс цэвэрлэх байгууламж задраад томоохон гэмтэл үүсэхэд Улаанбаатар хот богино хугацаанд бохир усандаа живэх аюул бидний өмнө ойрхон байна.
Цаашлаад цэвэр усны хомсдолд орох магадлал байгаа. Үүнийг Ус сувгийн удирдах газар, холбогдох Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч хэлж байгаа.
-Төрийн байгууллага болон энэ чиглэлтэй холбоотой бүхий л байгууллага, тухайлбал таны дээр хэлсэнчлэн карьер, амралтын газруудтай хэр зэрэг ойлголцож хамтарч ажиллаж чадаж байгаа вэ?
-Эхний ээлжинд карьерийнхантай ойлголцож байгаа. Нөхөн сэргээлт хийх шаардлага тавьж байна. Зарим компани биелүүлж байгаа ч үл тоосон, биелүүлэхгүй байгаа нь олон байна даа. Амралтын газрууд ч мөн адил. Ардаа том эзэдтэй байдаг учраас хариуцсан зохих эзэн олдохгүй, газар олголтын процесс нь өөрөө тэр чигтээ хууль зөрчсөн үйлдэл байгаа юм.
-Энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улс хэдэн жилийн дараа цэвэр усны нөөцгүй болох вэ? Таны бодлоор?
-Цэвэр усны нөөц 2017 он гэхэд дуусах төлөвтэй байгаа. Өнөөдөртөө Туул болон бусад голууд урсаж байна гэж санаа амар яриад байдаг. Урсаж л байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд, уух хэрэгцээг хангахуйц усгүй болно гэсэн үг. Бохироороо урсана гэсэн үг. Хэзээ л Туул гол татрав гэж дээ гэх бодолтой хүмүүс байна. Туул гол маань, байгаль орчин маань биднээс өршөөл гуйж, аврал эрж байна. Тиймээс иргэн бүр хяналтаа тогтоож, хууль бус үйл ажиллагаатай тэмцэн, шударга байцгаая гэж уриалмаар байна.
-Тэгвэл цэвэр усны нөөцөө гамнаж, хамгаалахын тулд нэн тэргүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Манай улсад хур бороо их ордог. Өвөлд нь цас, зунд нь хур бороо байна. Тэр саарал усыг цуглуулдаг сан бий болгох хэрэгтэй байгаа юм. Тэгж байж бид 2 дугаар шатлалын усаа барилга байгууламж барих, арьс шир угаах, машин тэргээ угаах, хүнд үйлдвэрүүдэд ашиглаж чадвал тодорхой хэмжээгээр цэвэр усаа хамгаалж чадна. Монгол шиг цэвэр усаа бүхий л зүйлд ашигладаг улс дэлхийн өөр хаа ч байхгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Ахуйн хэрэглээний усыг 2 дугаар шатлалын ус болгож цэвэрлээд дараагийн цэцэг ногоо услах, барилга байгууламж, газар тариаландаа ашиглах гарц харагдаад байгаа юм. Харамсалтай нь урагшгүй төрийн алдаанаас болж энэ зорилтуудыг биелүүлэх хүсэлгүй байсаар л байна.
Бид энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бид хатуу зарчимтай шаардлага тавьж ажиллана. Хамгийн гол нь энэ хөдөлгөөний ард мянга мянган Монголын ард түмэн дэмжиж байгаа. Байгаль орчиндоо жаахан хөрөнгө хүч хаяад, бодлого гаргаад, хариуцлагатай албан тушаалтнуудыг томилоод ажиллуулах хэрэгтэй. БОЯ-нд хариуцлагагүй албан тушаалтнууд маш их байдаг. Мөн Туул голын сав газрын захиргаа гэж хариуцлагагүй байгууллага бий. Туул голыг татарч байна, бохирдож байна гэж дүн тавьх ажил хийдэг байгууллага маш их болжээ.
-Цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдлээ гэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Гэвч таны хэлснээр нийслэл хот цэвэр усны нөөцгүй болох гээд байдаг. Иргэн бүр хэрэглээгээ илүү их хянах хэрэгтэй болох нь дээ?
-Иргэд тэртэй тэргүй ухамсартай болчихсон байна. Туул голын эрэг дээгүүр зөв зохистой амардаг болчихсон. Гэвч бие засах газар байхгүйгээс иргэд бургас, жалга довны араар бие засаж байна. Ядаж л 500 метр тутамд бие засах газар байршуулбал иргэд зөв зохистой амрах боломж бүрдэнэ. Төрийн мөн чанар иргэдийнхээ аятай тухтай орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөр иргэн нь соёлжиж байдаг. Тэгэхгүйгээр төр өөрөө булхайтай луйвартай байвал иргэдийн төрдөө итгэх итгэл, хандлага алга болно.
Цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулахад 400 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. 400 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт байхгүй, боломжгүй гэсээр олон жилийг үдлээ. Нэг тодхон жишээ хэлье. Саяхан 3 компани 400 гаруй тэрбум төгрөгний татвар төлөөгүй гэж байна. Тэр гуравхан компаний хор уршгаас болж улс тийм их хэмжээний хор хохирол амслаа. Тэр татвараа авсан бол цэвэрлэх байгууламжаа бариад, нийслэлд амьдарч байгаа сая гаруй иргэн айх аюулгүй цэвэр усны баталгаатай орчинд, Туул голынхоо эрэг дагуу санаа амар аялж зугаалах боломж бүрдэх байлаа.
-Ярилцсанд баярлалаа
Г.Эрдэм