Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцлаа. Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майн теч” компани үндэслэн бүтээн байгуулж, ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын “Чингис” бондын 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна.Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-30 мянган тонн буюу энэ хэмжээний тос импортоор орж ирдэг байна. Харин тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийнхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулна” гэж “Майн Теч”-ийн компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр хэлж байна.
Ерөнхий сайдад үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнүүд болох “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.