Гадаадад сурч болохуйц мөнгөөр эх орондоо сурч байна

55ee1df4dfa050.34193307Жил ирэх тусам Их, дээд сургуулийн төлбөр нэмэгддэг. Энэ жил гэхэд 10-40 хувиар нэмэгдчихлээ. Иймд боловсролтой болох гэж зарлагадсан зардлаа тооцоход хамгийн багадаа хэдэн төгрөгөөр төгсөж байгаагаа та мэдэх үү. Сургуулийн төлбөр нийгэмд олгогдож байгаа цалингийн доод хэмжээтэй харьцуулбал хүрэлцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энгийн нэг жишээ авъя. Орон нутгаас хүрэлцэн ирж буй “А” оюутан болохдоо нэг жилийн төлбөрөө төлөөд ороход 2 сая, дотуур байрны олдоц муутай хүрэлцэхгүй, таньж мэдэх хамаатан садан байхгүйн улмаас нэг өрөө байр буюу нийтийн байрыг дунджаар 300,000 төгрөгөөр тооцвол жилд 3 сая 600,000 төгрөг болж байна. Дээр нь оюутны картаа авч чадаагүй гэвэл сургуульдаа нэг маршрутаар ирж очиход 1000 төгрөг, их завсарлагааны хоолны мөнгө 5000. Ингээд өдрийн зардал 6000 төгрөг. Өдөр хичээлдээ явж буй оюутны дундаж зардал хагас бүтэн сайныг хасаад өдөрт 4000-5000 төгрөгийг унаа, боломжийн хоол авч иднэ гэж тооцоолбол жилд барагцаалбал 1,700,000 төгрөг. “А” оюутны зайлшгүй шаардлагатай дээрх мөнгийн дүнг тооцож үзэхэд 7,324,000 төгрөг болж байна. Цаана нь үлдэх хоол хүнс, хувцас, хичээлийн хэрэгсэл гэхчилэн амины хэрэгцээний зардлыг энд тооцсонгүй.
Монголд оюутнууд боловсрол эзэмшихэд нэг жилд 9-10 сая төгрөг орчмын зардалтайгаар төгсөж байна. 4-6 жил сураад төгсөх бол 40-60 сая төгрөг төлж суралцах болж байна. Гадаадын их дээд сургуульд жилд 10 сая гэж бодоход үүнд унаа хоол, орон байр нь багтаж үүнээс гадна аав ээжээр төлүүлэх биш өөрсдөө төлбөрөө олох боломжтой байдаг. Гэтэл манайд? Бидний нийгэмд энэ их дээд сургуулийн төлбөр огт авцалдахгүй байгаад л гол учир байгаа юм. Өнөөдөр сургуулийн төлбөр өслөө гээд чанар нь сайжирч, чадвар нэмэгдэж байна уу. Харин ч өмнөх жилүүдээс оюутнуудын чадвар чадамж буурч байна. Сураад төгссөн оюутнууд мянга мянгаараа гарч байгаа ч ажлын байр нь хангалтгүй. Дотоодын сургуулийн бодлогоо гадаадынхтай харьцуулж нэг үзэх цаг болжээ. Өнөөдөр бид гадаадад хангалттай суралцах мөнгөөрөө дотооддоо суралцаж байна. Үүнийг бид анзаарсан уу. Үнэндээ манай боловсролын салбар бизнес болж хувирсан чанартай боловсон хүчин бэлдэх нь үнэхээр ховор болсон. Өндөр үнэтэй сургууль төгсөөд ажлын байр гэдэг зүйл Монголд алга даа. Байгаа хэд нь тэнгэрийн шалгуур тавина. Манай боловсролын салбарынхан бэлтгэж байгаа мэргэжилтнүүддээ ажлын байрны тал дээр нь анхаар өгвөл зүгээр юм. Зөвхөн энэ салбар ч гэхгүй төр анхаарах ёстой.
Энэ талаар зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Та хүүхдээ жилд хичнээн төгрөгөөр суралцуулдаг вэ?
-Д. Баясгалан: Энэ жил нийгэм хямралтай байхад хажуугаар нь сургуулийн төлбөр нэмэгдээд хүндхэн байна. Манай охин энэ жил ЭМШУСД элсэн орсон. 2 жилийн өмнө 1,100,000 төгрөг гэж байсан юм. Тэгээд гайгүй юм байна даа гэж бодоод ЭМШУСД бэлдүүлээд сургуульдаа орсон. Гэтэл энэ жил 2,800,000 төгрөг болсон байна лээ. Бид дундаж л амьдралтай улс. Манайх Ховд аймагт байдаг. Охиноо хотод төвхнүүлээд л орхилоо. Суралцахад ийм их зардал гарна гэж тооцоолоогүй. Ямартаа ч цуглуулсан хэдэн төгрөг маань дууссан.
Оюутан: Төлбөрөө өөрөө олдог надад бол их хүнд байна. Анх оюутан болно гээд аав ээжээрээ эхний курсийн мөнгөө төлүүлж байлаа. Үүнээс хойш өөрөө төлнө, төлбөр ч гайгүй ажил хийгээд олох юм байна гэж бодож байсан. Одоо би төгсөх курс. Гэтэл төлбөр огцом өсчихлөө. Хэрвээ би гадаадад сурч байсан бол ажил хийгээд, сураад явах байлаа. Гадаадад сурч байгаа найзуудаа харахад их сайхан юмаа. Аав ээжээсээ мөнгө нэхэхгүй, сураад, юм үзээд , гэрийнхэндээ мөнгө өгч явуулах жишээний. Бид яагаад эх орондоо ингээд сурч байж болохгүй гэж? Хамгийн гол нь цалингаасаа давсан төлбөр нэхээд байгаад л гол нь байгаа юм. Жаахан цензуртэй байгаасай л гэж бодож байна.

Г.Содцэцэг

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …