МАХН-ын залуус барцадтай байна. Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр нохойгоо салхилуулж байгаад явганаас унаж “давсаг нь хагарсан” гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн нэлээд хүндхэн хагалгаанд орсон гэх мэдээлэл байна. Гэтэл ийм төрлийн гэмтэл явганаас унах төдийд үүсдэггүй гэдгийг намын гишүүд болон учир мэдэх хүмүүс хэлж халаглан хардаж суугаа гэнэ.
Гэтэл үүний араас дэд сайд Тулга О. Баасанхүү гишүүн хоёрын маргаан шуугиан тариад байгаа. Тус намын УИХ-ын залуу гишүүн О.Баасанхүүг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга “Намын бодлого сөрж, намынхаа эсрэг ажиллалаа” гэдэг шалтгаанаар “боож унагасан” нь олон нийтэд ил болсон.
Энэ бүхний цаад шалтгааныг Н.Энхбаяртай холбож ойлгох хүмүүс олон байна. Тэрбээр намынхаа төлөө ажиллаж, зүтгэж ирсэн хууччуулаа далдуур жийж залуучуудаа илүү итгэл үзүүлэх болсон ил далд бодлого нь нэгэнт илэрхий болсонтой холбоотойгоор МАХН дотор элдэв асуудал бий болж, залуус нь өөр хоорондоо нанчилдаж эхлэсэн бололтой.
“Бяруу болоогүй байж бухын баасаар баах” гэгчийн үлгэрээр улс төрийн туршлага хуримтуулаагүй ч албан тушаалд хүрнэ гэсэн итгэл өвөрлөж яваа МАХН-ын олон залуус намын даргадаа гаргах уур хилэнгээ барьж чадахгүй ийнхүү өвөр зуураа “хөлөө жийлцэж” эхлэсэн сурагтай.
Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярын улс төрийн бялуу хувиарлалт МАХН-ын залуус дотор “бужигнаан” үүсгэсэн нь нэгэнт тодорхой байна.
А.Гал