Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд манай хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сүнгёнь төлөөлөгчдийн хамт нийслэлийн Онцгой байдлын газарт зочиллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон бусад удирдлагууд хүлээн авсан уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллалааг эрчимжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талуудын дарга нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичигт :
1.Тус хоёр байгууллага нь харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан найрамдалт харилцааг бий болгохыг хичээнэ.
- Тус хоёр байгууллага нь галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын шалтгааныг тогтоох, сургалт дадлага явуулах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах зэрэг талуудьн нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр мэдлэг мэдээллээ харилцан солилцоно.
- Тус хоёр байгууллага нь албан хаагчдын гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх болон гамшигтай тэмцэх системтэй холбоотой мэдлэг мэдээллээр хангах тал дээр хамтран ажиллана.
- Тус хоёр байгууллага нь гамшгийн голомтод ажиллаж бодит туршлага солилцон, албан хаагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс харилцан зочлох, дадлага сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг идэвхижүүлэх гэжээ.
Сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас БНСУ-д гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалт дадлагад 200 гаруй аврагч гал сөнөөгчид хамрагдсан байна.
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь БНСУ-ын Галын холбооноос нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагаанд ашиглах түргэн тусламжийн 4 автомашин олгосныг гардуулан өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.