НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулж, “Модел ЮНЕСКО Монгол” анхдугаар арга хэмжээг ирэх аравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах гэж байна.
“Модел ЮНЕСКО Монгол” буюу МЮМ нь олон улсад зохион байгууллагддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар чуулганы нэгэн хувилбар юм. Уг үйл ажиллагааны гол зорилго нь оролцогчдыг тухайн цаг үеийн олон улсын чухал үйл явдлын талаар гүнзгий судалгаа хийхэд чиглүүлж, тэдэнд олон улсын харилцаа, дипломат ажиллагаа болон НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох юм.
Тус чуулганы оролцогч залуус НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчдийн дүрд хувиран дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2015 оны “Модел ЮНЕСКО Монгол”-ын хувьд “Тогтвортой хөгжил дэх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Чуулганы төгсгөлд нийт оролцогчдын саналаар батлах тогтоолын төслийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ын Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих болно. Чуулганы оролцогчдын идэвх санаачилга болон мэдлэг чадвар дээр үндэслэн шилдэг төлөөлөгч, шилдэг төлөөлөгч багийг шалгаруулж, ЮНЕСКО болон ХБНГУ-ын Зийген Хотын НҮБ-ын Загвар чуулганд оролцох эрхийг олгох юм.
2015 оны “Модел ЮНЕСКО Монгол”-д 15-24 насны 70 залуусыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр оролцуулах бөгөөд бүртгэл 2015 оны есдүгээр сарын 30-ны 23:59 цагт хаагдах юм. Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: mum.yap.mn хуудаснаас авах боломжтой аж.
Г.Дарь
Эх сурвалж: news.mn