Багш нарын баярт: Намайг Амараа биш Доржоо гэдэг

download11Намайг Амараа гэдэг… \Багш хувилбар\

Намайг Амараа гэдэггүй, Доржоо гэдэг …,

Би, ард түмний төлөө зүтгэе гэж тангараг өргөөгүй ч ардын хүүхдийн төлөө ажиллана гэж өөртөө андгайлсан жирийн л нэг багш. Авдаг багахан цалиндаа сэтгэл дурамжхан ч байдаг  ажиллаж байгаа мэргэжилдээ хайртай.

Тэтгэвэрт суухаас өмнө амьдрал дээшилнэ гэж горьдоогүй ч миний ард түмэн хэзээ нэгэн цагт ёс зүйтэй, хүн чанартай, алагчлалгүй, авилгачгүй, шударга, мэдлэг оюуныг дээдэлсэн тийм нийгэмд тайван амьдарна гэдэгт итгэж зүтгэсээр явж ирсэн.

Иргэд нь ёс зүйгүй, алаг үрс нь боловсролтгүй, оюун ухаан нь орших хоттойгоо утаатай энэ улсыг гэгээн гэрлээр гийгүүлж, гэрэлт номоор тэтгэх гэж би багш болсон… Бидний өмссөн хувцасыг муухай сайхнаар нь дуудан, хэзээ нэгэнтээ багшаар үсэг, тоо заалгаагүй юм шиг бидний мэргэжлийг жигшин зэвүүцдэг хүмүүс цөөнгүй байдагийг мэднэ.

Гэхдээ хувцас нь яахав доромжилж л байг, дотор нь байгаа “Багш” гэдэг эрхэм алдарыг зүүсэн Монгол ээжийн хүү, Монгол аавын охины сэтгэлийг доромжлох зүрхтэй Монгол хүн байхгүй болно гэдэгт итгэдэг…

Багшийн ажил амархан гэж хэлдэг, тэгж хардаг хүмүүс олон байдаг. Би тэдэнд үгүй гэж хэлье… Эд мөнгөнөөс илүү оюунаар цангасан энэ нийгэмд хэн дуртай нь ирээд багш хийдэггүй юм. Үеийн нөхөд бааранд шар айраг шимж байхад үйлтэй юм шиг бид конспект шагайж, үүр шөнөөр хүмүүс тайван нойрсох ахуйд өглөөний хичээлдээ бэлдээд лекц шивж суудаг. Ажлын өдрүүд дуусаж хүмүүс гэр бүлтэйгээ, аанай л харин бид бичгийн ширээнийхээ ард. Лекц, хичээл, төлөвлөгөө, конспект, ангийн ажил, хяналтын ажил, шүүлэг, шалгалт, тест, хурал, семинар, цуглаан, зөвлөгөөн, судалгаа, шинжилгээ, уншлага, урлаг, спорт, кабинет, цэвэрлэгээ, дайчилгаа – даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням – өдөр, шөнө, өглөө, үдэш үл ялган эхлэл болоод эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л бидний ажил… Ээжгүй, аавгүй, эхнэргүй, нөхөргүй, үр хүүхэдгүй, өвөөгүй, эмээгүй, ах эгчгүй, дүүгүй юм шиг, хайртай хүн, найз нөхөдгүй юм шиг цаг нартай уралдан, зав чөлөөгүй багш нар ажил үүргээ гүйцэтгэсээр л…

Хатуу үгтэй эцэгт голдоо ортлоо хэлүүлж, харааж зүхсэн эхэд ёсөн шидээрээ дуудуулсан ч жирийн л юм шиг тэвчиж, хүний жаахан үрийг өөрийн үр шиг хайрлах агуу сэтгэлтэн багшаас өөр байхгүй гэдэгт итгэдэг. Жирийн хүн өөрийн хүүхдийн төлөө л зовинодог, бид бүгдийн үрсийн төлөө шаналдаг… Багын найзуудын ихэнх нь одоо боль өөр ажил хий гэдэг ч самбар шохой хоёроосоо сэтгэл урвахгүй гэж хэлдэг би багш зантай… “Боловсрол” энэ л салбараас хаашаа ч явахгүй, мөнхийн харуул нь бид гэж боддог итгэл найдвартай…

Бохир заваан, мунхаг харанхуй, бүдүүлэгүүдийн хот гэхээсээ илүү Улаанбаатар минь нүд дүүрэн гэрэлтэй, итгэл найдвар, цог золбоо дүүрэн өндөр боловсрол, соёлтой залуусын хот болно гэдэгт итгэдэг иргэд олон байдаг. Түүний төлөө халаас нь нимгэн ч саад бэрхшээлийг юман чинээ тоохгүй багш нар сайхан ирээдүйн төлөө цэцэрлэг, сургууль, их сургуульд хэдэн зуугаараа ажилласан шиг ажиллаж амьдарсан шиг амьдарч байна.

Албан тушаалтан, аархуу баячуудын урд бөхөлзөх биш, ажлаа хийгээд бага ч гэсэн цалингаа авдаг, эрх тушаал хөөцөлдөөгүй, эд баялагт шунаагүй, улс төржиж аль нэг нам эвсэл дагаагүй, хөндөшгүй “Багш” эрхэм алдартайгаа багш шиг багш байж, хүн шиг амьдарч, улсаа хөгжүүлэхийг бид хүссэн… Би та нарын төлөө зүтгье гэж тангараг өргөөгүй ч ард түмэндээ үнэнч зүтгэж ирсэн жирийн л нэг багш. Энхрий жаахан үрс минь, хүний өөрийн ялгаагүй балчир байгаа цагт энэ бие минь цэнгэж явах учиргүй. Хүсэл минь, тархи минь, зүрх минь Монголын төлөө цохилох ч түүхэнд нэр минь бичигдэхгүй би БАГШ хүн.

LZSKHN 2015.10.02

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …