Хэрэглэгчийн менежментийн академийн УЗ-ийн гишүүн, доктор /Ph.D/Ч.Эрдэнэчулуунтай ярилцлаа
– Манай уншигчдад өөрийн байгууллагаа товч танилцуулна уу?
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үндэсний хэмжээний том тогтолцоо Монгол Улсад байдаг. Ийм тогтолцоо Монголд төдийгүй дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн байдаг. Энэ хөдөлгөөний төв нь ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв нэртэйгээр Их Британийн Лондон хотод төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллага нь дэлхийн 110 гаруй орны 150 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том фронт юм.
Салбар нь бүх тивүүдэд хэрэглэгчийн товчоо нэртэйгээр ажилладаг. Тухайлбал Азийн хэрэглэгчдийн товчоо нь Малайз улсын нийслэл Куала Лампур хотод төвлөрдөг.
1992 онд батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тунхаг”-т Монгол Улс нэгдсэн байдгийн хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын чиг үүргийг бид хэрэгжүүлж ажилладаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг дотор хамгийн гол нь хэрэглэгч хохирсон хойно нь эрхийг хамгаалахаасаа илүү хэрэглэгч бүр хохирохгүй байхад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл хэргийг олон нийтэд түгээх явдал байдаг.
Соён гэгээрүүлнэ гэдэгт хэрэглэгчийг ухаалаг оновчтой сонголт хийхэд суралцуулах, нөгөөтэйгүүр дэлхий дахин глобалчлагдаж байгаа ертөнцөд дэлхий дахины хэрэглээний соёлоос суралцуулах, үндэсний онцлог бүхий соёлыг хэвшүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн дээр нь хэрэглэгчийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон ТББ-уудад ажилладаг хүмүүсийг хэрэглэгчийн эрхийн менежментээр бэлтгэх тухай асуудал манай улсад хоцрогдож ирсэн. Монголд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 онд байгуулагдсанаар өдгөө 25 жилийн нүүрийг үзэж байна. Харин “Хэрэглэгчийн менежментийн академи” байгуулагдаад 3 дахь жилтэйгээ золгож байна.
– Танайх ямар чиглэлээр сургалт зохион байгуулж, боловсон хүчин бэлтгэдэг вэ?
– Бид ШӨХТГ-тай гэрээ байгуулаад 3 төрлийн үндсэн сургалтыг явуулж байна.
1-рт: Ахисан түвшний сургалтууд буюу хэрэглэгчийн эрхийн менежментээр мэргэшүүлэх сургалт,
2-рт: Хэрэглэгчийн эрхийг чиг баримжаа олгох 6 сараас дээш дипломын сургалт,
3-рт: Хэрэглэгчийн эрхийн шинжээчийн сургалт гэсэн үндсэн 3 сургалтыг зохион байгуулдаг. Дээр нь бид Японы Койтогийн Их сургууль зэрэг сургуультай хамтран зөвлөх профессоруудын баг ажиллаж хэрэглэгчийн эрх ашиг манай улсад аль салбар, хэсэгт доголдолтой байгааг судлах судалгаа хийж байна. Энэхүү судалгаан дээрээ үндэслэн жил бүр Монголын хэрэглэгчийн судалгааг илтгэсэн албан ёсны тайлан төрийн байгууллагуудад гардуулж өгдөг уламжлалыг тогтоохоор ажиллаж байна. Түүнээс гадна хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тухайн аж ахуйн нэгж байгууллага, эсвэл төсөл хөтөлбөрийн хүрээнд авч дүгнэлт гаргаж өгөх, нэг ёсондоо хэрэглэгчийн хөндлөнгийн үнэлгээг бид хийж хэрэгжүүлж ажилладаг.
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагад иргэд илүү итгэл хүлээлгэх хандлага илүү их ажиглагддаг
– 2008 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар дагнасан ШӨХТГ хэмээх төрийн байгууллага анх байгуулагдсан байдаг. 1990-2008 оныг хүртэл 18 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэдэг ТББ дангаараа хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын үүргийг нуруундаа үүрч ирсэн. Хэрэглэгчийн байгууллага биднийг хамгаална шүү гэдэг үзэл бодол иргэдийн дунд байсан гэж хэлж болно. Тиймээс ч 1991 онд анх хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль гарсан.
Үе үеийн 4 Ерөнхий сайд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр албан даалгаврыг холбогдох газруудад нь өгч, 2008 онд ШӨХТГ гэх агентлагийг Засгийн газрын дэргэд байгуулсан зэргээс төр засаг хэрэглэгчийн эрх ашгийн асуудалд анхаарлаа хандуулж ирсэн гэж дүгнэж болно.
2008 онд ШӨХТГ байгуулагдсанаас хойш иргэдэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллага илүү ажилладаг юм байна гэсэн ойлголт төрсөн. Магадгүй энэ нь зарим талаар тухайн байгууллагыг удирдаж байсан хүмүүстэй холбоотой байх. Мэдээжийн хэрэг аль нэг тал нь илүү ажиллавал нөгөө тал нь бүдгэрэх нь зүйн хэрэг. Гэхдээ манай академи бол төрийн болон ТББ-ууд, иргэдийг соён гэгээрүүлэх үүргийг л хэрэгжүүлдгээрээ онцлогтой.
– Танай академи бусад төрлийн сургалтын байгууллагуудаас ямар ялгаатай вэ?
– Манай академийн хувьд энд тэнд элбэг тааралддаг сургалтын төвүүдээс өөр. Ингэж хэлэхийн учир нь бид ХБНГУ, Их Британи улсад байдаг хэрэглэгчийн дээд сургуулийн сургалтын хөтөлбөр программыг 2 жил гаруй судлаж байгаад хэрэглэгчийн менежментийн академийг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Нийгмийн амьдрал дээр хэрэглэгчгүй салбар гэж байдаггүй. Хэрэглэгч рүү хандсан салбар бүр амжилтанд тэр бүр хүрч чаддаггүй. Тиймээс бид зах зээлийн хэрэглээний үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны салбарын харилцааг хэрэглэгч нарт төвлөрсөн менежентийн хандлага руу чиглүүлэх зорилго тавьж байна.
– Өнөөдөр танай академийг төгсөн гарч байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинжээчдийн чиг үүрэг юу байдаг вэ?
– Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай үндэсний хуулийн 19.6-д зааснаар: “…шинжээчийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй, эрхтэй” болохыг ТББ-д заасан байдаг. Шинжээч нь хуулийн хэрэгжилтийг шалгахаас гадна хэрэглэгчийн эрх ноцтой зөрчигдөн, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн процессийг таслан зогсоох, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, бүр цаашилбал шүүхэд төлөөлөн асуудлыг шийдвэрлүүлэх эрх олон нийтийн байгууллагын байцаагч, шинжээч нарт хуулиар олгогдсон байдаг. Ер нь хэрэглэгчийн эрхэд нийцсэн байна гэдэг бол тухайн зүйл хууль ёсных байна гэсэн үг.
– Танай академи цаашид төрийн захиргааны менежер болон нийгмийн удирдлагын, бизнесийн удирдлагын менежерийн сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэсэн үү?
– Манай академи 45 хоногийн бямба гарагийн хэрэглэгчийн менежментийн чиг баримжаа олгох менежерийн сургалтыг зохион байгуулахаар болоод байна. Энэ сургалтанд аж ахуйн нэгж компаниудын ажилтан, менежерүүд хамрагдсанаар хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ, үйлдвэрлэл, сэтгэл ханамжийг бий болгоход чиглэсэн бүхэл бүтэн мэдлэгийг эзэмшиж авах юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн менежментийн онол практикийн мэдлэгтэй мэргэжилтэн болж энэ сургалтыг төгссөнөөр төрийн болон нийгэм, хувийн хэвшилд ажиллахдаа хэрэглэгчдийн эрхийг дээдэлсэн, тэдний эрх ашигт нийцсэн бодлого, үйл ажиллагааг явуулах, улмаар хэрэглэгч олон нийтийг өөрийн эрхэлж байгаа үйл ажиллагаандаа татан оролцуулах чадвартай мэргэжилтэн болно гэсэн үг. Тиймээс төрийн болон орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, соёл боловсролын байгууллагууд манай академийн 45 хоногийн менежерийн сургалтанд боловсон хүчнээ чадавхижуулан сургаарай гэж уриалах байна. Манай үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
-Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
/Та бүхэн “Хэрэглэгчийн Менежментийн академи”-тай холбогдох бол Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Нийслэл даатгалын байр, 602 тоот, 70119760 утсаар холбоо барина уу/
Ярилцсан: Ц.Мөнх