Хятадууд Австралийн газрыг анаж сууна

Хятадын өсөн нэмэгдэж буй дунд ангийнхны махны хэрэгцээг хангах зорилгоор тус улсын наймаачид Австралийн газрын хамгийн том наймааг анаж сууна. S Kidman & Co гэр бүлийн компани эзэмшдэг, 200 мянган толгой үхэр сүрэг бүхий 100 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай бэлчээрийг 231 сая ам.доллараар зарахаар төлөвлөжээ. Үнэ хаялцах худалдаанд Гуанжоугийн Donlinks үр тариа, ургамлын тосны компани, Шанхайн Pengxin компани болон Shanghai CRED үл хөдлөх хөрөнгийн компани толгойлдог консорциум оролцох гэж байна.

Picture1

Шаньдун мужийн бөс барааны аварга үйлдвэрлэгч Ruyi компани 2012 онд Австралийн Cubbie Station хэмээх хөвөнгийн фермийг 232 сая ам.доллараар худалдан авснаас хойш тив улсын хөдөө аж ахуйг чиглэх хятадуудын сонирхол нэмэгдсэн. Хятад оронд үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн эрэлттэй байгааг анзаарсан Австралийн тэрбумтнууд ч сүүлийн үед хөдөө аж ахуйд анхаарлаа хандуулах боллоо. Австралийн тэргүүн баян Жина Райнхарт, уул уурхайн магнат Эндрью “Твигги” Форест, жижиглэн худалдаа эрхлэгч Харви Норман, Жерри Харви зэрэг баячууд бүгд махны үүлдрийн үхэр сүрэг үржүүлдэг ферм худалдаж авсан.

Одоогоор Австралийн хөдөө аж ахуй дахь гаднын эзэмшил тийм ч их биш. Хамгийн сүүлийн үеийн буюу Австралийн статистикийн хорооны 2013 оны зургадугаар сарын тайланд тус улсын хөдөө аж ахуйн зориулалттай газрын 10 хувь, хөдөө аж ахуй эрхэлдэг компаниудын нэг хувь нь гадаадынхны эзэмшилд байгааг дурджээ. Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд Австралийн усан үзмийн тариалан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, махны үхэр болон саалийн үнээний фермүүдэд хятадууд ихээр хөрөнгө оруулах болсон. “Бээжингийн хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын сан”, Шэнжень дэх “Yuhu group” зэрэг төрийн мэдлийн компани Австралийн хөдөө аж ахуйд гурван тэрбум австрали долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай есдүгээр сард мэдээлсэн.

Хөдөө аж ахуйн зориулалттай газар худалдан авах үнийн саналын доод хэмжээ 252 сая австрали доллараас эхэлдэг байсныг 15 сая болгон бууруулах шийдвэрийг энэ оны долдугаар сард гаргасан. Мөн гадаадын иргэд хөдөө аж ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг бүртгэх журам боловсруулсан нь ирэх онд нийтийн сонорт хүрэх ёстой.

S Kidman & Co-ийн наймаа нь гадаадын төдийгүй дотоодын худалдан авагчдын анхаарлыг татаж байгаа тул үнэ хаялцах хүсэлтэй зарим хуулийн этгээд Австралийн Гадаад хөрөнгө оруулалтын хороотой зөвлөлдөж эхлээд байна. Уг наймааны ялагч энэ оны эцэс гэхэд тодорхой болно.

Эх сурвалж: gogo.mn

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …