Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг ажил хэрэг болгоход талууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр ярилцлаа. Энэ гэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илэрхийллээ.
Монгол Улсад ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Элчин сайд дурдлаа. Энэ харилцаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн АНУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.