Оросын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарчээ

images

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсыхаа хүчний байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаж онгоцны ослын эцсийн дүгнэлтийг сонсчээ. ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга А.Бортниковын танилцуулснаас үзэхэд Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогджээ. В.Путин “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх ямар нэг бодитой шалтгаангүйгээр үйлдсэн зэрлэг балмад алан хядах гэмт хэрэгтэй Орос орон өмнө нь ч нүүр тулж байсан. Зүрх сэтгэлд асгарсан нулимсаа бид арчихгүй. Гэсэн хэдий ч бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах тухай ойлголт энд байхгүй, хэн хэн үйлдсэнийг хүн нэг бүрээр нь ширхэгчлэн тогтоо. Хаана очиж нуугдах бололцоотой, тэр газрыг нь нэгд нэггүй самна. Энэ дэлхийн хаана ч байсан хамаагүй олж, амсах ёстой зүйлийг нь амсуул. Сирид байгаа манай цэргийн нисэх хүчин ажлаа зүгээр нэг үргэлжлүүлэх бус, эрс эрчимжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Ийнхүү ОХУ Синайн хойгт үйлдэгдсэн жигшүүрт алан хядах ажиллагааг зохион байгуулахад их бага алин боловч оролцсон бүх хүнийг нэгд нэггүй нарийвчлан тогтоож, газарзүйн байршилд баригдалгүй дэлхий даяар хугацаагүй эрэн сурвалжлах, улмаар олж устгах зорилтоо тодорхойллоо. Мөн өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын яам Ерөнхийлөгчийнхөө өгсөн үүргийн дагуу Сирид явуулах ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулав. Үүнд, одоо Сирийн ажиллагаанд оролцож буй 50 нисэх онгоц, нисдэг тэрэг бүхий бие бүрэлдэхүүнийг хүч нэмэгдүүлж, дахин 37 нэгж техник, алсын байлдааны 25 онгоц, 8 бөмбөгдөгч, 4 сөнөөгчийг ОХУ-ын нутгаас дайчлан, уг ажиллагаанд татан оролцуулахаар болжээ.

Мөн онгоцонд тэсрэх бөмбөг оруулсан этгээдүүдтэй холбоотой мэдээллийг 50 мянган ам.доллараар үнэлж байгаагаа зарлалаа.

Санал болгох мэдээ

Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна

Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар  амиа алдсан …