“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа.
Улсын хэмжээнд 81 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 200 гаруй мэргэжлээр 42 мянга орчим суралцагч суралцаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллагуудын 49 нь төрийн өмчит, 32 нь төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага байна.
Засгийн газрын 2007 оны 294 дүгээр тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэ журамд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.
Тэтгэлэг олгохдоо суралцагчийн хичээлийн ирцийг тооцохоор журамд тусгасан нь суралцах идэвх, чармайлтыг нэмэгдүүлэх, тэтгэлгийг суралцагчийн картанд шууд шилжүүлэн олгосноор сургалтын байгууллагууд тэтгэлэг авах суралцагчдын тоог бодит бусаар мэдээлэн санхүүжилт авахаас сэргийлж, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мэргэжлийн боловсролын 1 ба 2.5 жилийн, техникийн боловсролын 1.5 ба 3 жилийн сургалтад хамрагдаж байгаа 24 хүртлэх насны суралцагчдад тэтгэлэг олгохоор журамд тусгажээ. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд онолын болон дадлагын сургалтад 75 хувиас доошгүй ирцтэй оролцсон суралцагчдад тэтгэлэг олгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.