Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн нэгдүгээр байрыг зорилоо. Тэнд та бүхний сайн таних, эсхүл үл таних нэгэн хөвгүүн сурдаг. Ашиглалтад ороод удаагүй гэмээр бага сургуульд энд тэндгүй хүүхдүүд шуугилдан гүйж, эцэг эхчүүд хүүхдээ авахаар үүдэнд хүлээж суух. Бага ангийн нийгмийн ажилтантай уулзан хэрэг, зоригоо хэлэн түүний хамтаар гурван давхарт гарлаа. Хүүхдэд зориулсан намхан, түшлэгтэй шатаар явах юм.
Гурван давхарт гараад баруун эргэтэл хичээлийн танхимд зургаан настанууд хичээллэж суух. Ангийн багштай нь уулзан ирсэн учраа хэлж, завсарлагааны цагийг хүлээлээ. Сурвалжилгын маань гол баатар энэ ангид сурдаг. Түүнийг Э.Амаржаргал гэдэг. Ихрийн өрөөсөн. Түүний дүү нь ангийн дарга Э.Аминжаргал. нэг ангид хамт сурдаг. Тэд саяхан Энэтхэгийн нийслэл Дели хотноо зохиогдсон соробан сампин, цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн 100 гаруй улсын 11 мянга гаруй тамирчдаас нэгдүгээр байранд орж, алтан медаль, цомын эзэн, багаараа хүрэл медалийн эзэд болцгоосон юм. Тэдний ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн амжилтыг дуурсгахаар “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” буландаа алдаршуулахаар болсон юм.