“Дүнжингарав” худалдааны төвийн эзэд түрээсийнхээ үнийг Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр буюу 12-оос 16 дахин нэмж 150 мянгын түрээсийг 1 сая 800 мянга болж, 75 мянгын түрээсийг 1 сая 200 мянга болгов. Хөхөө өвлийн хүйтнээр, сар шинэ ойртсон үед түрээслэгчдээ хаачих вэ дээ гэж томорсон “Дүнжингарав”-ын боссуудын ингэж аяглах болсон гол нууц нь ердөө л “Төрийн үйлчилгээний супермаркет” юм байна. Тодруулбал, Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс “Төрийн үйлчилгээний супермаркет” гэгч зүйлүүдийг томоохон худалдааны төвүүдэд байгуулахаар болсон бөгөөд үүний эхлэл болгож “Дүнжингарав” худалдааны төвд байгуулжээ.
Ингэснээр худалдааны төвөөр үйлчлүүлэгсэд доторх “Төрийн үйлчилгээний супермаркет”-аар зочилж төрийн үйлчилгээг нэг цэгээс нэг дороос авах боломжтой юм. Хамгийн гол нь, эрх баригч намаараа өөрийнхөө бизнесийг дэмжүүлж, түрээсийн төлбөр хэлбэрээр төрөөс хэдэн тэрбумаар нь халааслах болсон Дүнжингаравынханд хэдэн ядарсан түрээслэгчид хэрэггүй болжээ. Тиймдээ ч түрээсээ тэнгэрт тултал нэмж Монгол Улсад хамгийн өндөр түрээстэй худалдааны төвөөр тодруулав. 700 мянгын түрээсээрээ Монгол Улсад хамгийн өндөрт тооцогдож байсан “Алтжин Бөмбөгөр”-ийг хоёр дахин нугалсан “Дүнжингарав”-ынханд иргэд огтхон ч хамаагүй нь ингэж харагдав.
Тэтгэвэрт гарсан манай ээж л гэхэд “Дүнжингарав”-т лангуу ажиллуулж, сүүлийн үед орлого нь нэмэгдэж байгаад ихэд баярлаж, Цагаан сараа сайхан хийчих юмсан хэмээн бодож явсан настай хүнээс 1 сая 800 мянган төгрөг нэхэж, орлогоноос нь авах нь битгий хэл сарын барааных нь эргэлтийн мөнгийг шаардаж байгааг хүү нь болсон миний бие баталж байна. Нөгөө талаас ийм хэмжээний мөнгийг “Дүнжингарав”-ын түрээслэгч иргэд өгч чадахгүй хэмээн бөөнөөрөө гарч явах дээрээ тулаад байгаа бөгөөд хэрвээ гарч явбал, олон хүн татдаг хэмээн Төрийн үйлчилгээний супермаркет байгуулсан “Дүнжингарав”-аар хэн үйлчлүүлэх вэ?
Төгс