Цэцэн бэрийн домог

f2e173b65516ab2a1fbcdb95a5bc315595ad1b35(2)Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,
– Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ….
Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж, “Яана ийнэ” гэж гайхаш тасран харьсанд охин нь,
– Тэр юухан байх вэ?! Аав санаа зоволтгүй гээд арга зааж өгчээ.
Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хааныд очоод,
– Хаантан минь ээ, зарлиг ёсоор үнсэн чөдөр зангидаж авчрав. Авч соёрхоно уу? гэж хашгирсанд хаан,
– Чи хаана байна? гэж асуухад өвгөн,
– Би гэрт ч биш, гадаа ч биш, хана туурга хоёрын тань завсар байна гэв.
– Чи хэзээ ирэв? гэсэнд өвгөн,
– Өдөр ч биш, шөнө ч биш, үүрээр ирлээ гэж.
– Хаагуур явж ирэв? гэсэнд,
– Би замтай газраар ч биш, замгүй газраар ч биш, замын далангаар явж ирэв гэж.
– Юу амсөж ирэв? гэхэд,
– Хувцастай ч биш, хувцасгүй ч биш, торон нөмрөгтэй ирлээ гэв.
– Үнсэн чөдөр яаж зангидав гэсэнд! өвгөн,
– Өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гуай соёрхвол авч морио чөдөрлө дөө гэсэнд хаан,
– За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ.
Өвгөн “Манай хаан болохоо байжээ. Одоо яана ийнэ билээ?” гэж цөхрөн, охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь,
– Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ.
Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хаяа хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж “Нохой хорь!” гэсэнд хүүхэн тооноороо багана гаргаад гарч ирэн,
– Манайд морилж болдоггүй! гэв.
– Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад,
– Манай аав нярайлсан гэжээ.
– Эр хүнээс хүүхэд гардаг юм уу? гэсэнд,
– Эр үхрээс сүү гардаг юм уу? гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан “Яасан цэцэн хүүхэн бэ? гэж мунхаг тайж хүүдээ авч өгөв.
Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлэв,
– За хүү минь хаан аавдаа хойно урдаа хоёр толгойтой морийг тохож өг гэжээ.
– За гэж гараад хойно урдаас нь хоёр морийг зөрүүлж баглаад олом, жирэм тасчиж бүр ядав.
– Манай аав намайг хойно урдаа хоёр толгойтой морь тохож өг гэв. Би тохоод ядчихав гэж авгайдаа хэлжээ.
– Та боос гүү тохоод уячих гэж хэлэв. Хэлсэн ёсоор уяжээ. Хаан үүнийг нь хараад таалан дахин хэлэв,
– Аавдаа модон хайсанд(тогоо) мах чанаж өг гэжээ. Хөвгүүн за гэж гараад хамаг хотгор модон сав бүгдийг түймэрдээд тун ядав.
– Намайг модон хайсанд мах чанаж өгөөч гэхэд ядчихав гэв. Тэгэхлээр авгай нь,
– Яргай шоронд мах шарж болгоод авч ороод барьж орхигтун! гэжээ. Тэр ёсоор үйлджээ. Эцэст нь хаан, мөсөн хүн хийлгэж тавьчихаад,
– За хөвгүүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэжээ. Мунхаг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Хэмх цохиж балбачихаад эхнэртээ хэлэв,
– Мөсөн хүнээс намайг үг сурч ир гэлээ. Сурч ядчихаад балбачихав гэж хэлэв. Эхнэр нь,
– Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зудтай гурван сард байдаг билээ. Зуны зургаан сард харьдаг билээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж тэгж мэдүүлчихэв.
Хаан “Аа миний хөвгүүн цэцэн авгай аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чигтэй болсон тул хаан сууринд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ.” гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хөөж яваад харь улсын нутагт мэдэлгүй ороод баригдаж гэнэ. Тэр улсын хаан манай хааны улсыг дагуулахаар хоёр элч илгээхээр шийджээ. Хаан хэлэв,
– Манай хошуу хартай, хэцүү хошуу юмаа. Хоёрхон хүнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох, би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гээд нэгэн бичиг хийж өгөв.
– “Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа арван хүн түшлэгтэй байна. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй өдрийн мянган түмэн хонин хүнстэй байна. Их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туугтүн, эвэргүй малаа ардаа туугаад ирэгтүн. Эргүү улаан бяруугаа нутагт нь хаяж орхигтун. Хар туулайгаа сахигтун! Цагаан туулайгаа эвхэгтүн. Манай нутгийн савдаг болох хоёр улиас бий. Нэгийг нь нутгийн голд цавчиж унагагтүн. Тэр хоёр улиасыг эс унагавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр түлш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор нэг торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг авахуулаад хуурайдуулж, авдар савыг нь задалж үзэгтүн гэжээ.”
Тэр хоёр элч хүрч очоод бичгийг хүн амьтанд үзүүлэв. Олон амьтан үзээд “Нүүнэ манай хаан сайхан жаргаж байна” гэжээ. Тэгэхэд бэр гадаа байж байгаад тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй авахуулан үзээд,
– Та минь! хаан аав жаргалтай байна, нүүнэ гэж хэлэлцэнэ та. Над болбол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Дороо ногоон торгон олбогтой гэсэн нь газрыг хэлж. Ардаа арван хүн түшлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн хоёр хөхүүр сүүтэй гэсэн нь хоёр мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ.
Эвэртэй малаа урдаа туугтүн гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарагтүн гэжээ. Эвэргүй малаа ардаа туугтүн гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явагтүн гэжээ. Эргүү улаан бяруу бий түүнийг нугагтаа хаягтүн гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар туулайг сахигтүн гэсэн нь шөнө явагтун гэжээ. Цагаан туулайг эвхэгтүн гэсэн нь өдөр бүгэгтүн гэжээ.
Манай нутгийн савдаг хоёр улиас гэсэн нь энэ хоёр хүн болно. Нэгийг нь цавчиж унагаагаад нөгөөгөөр нь түлш хийж ирэгтүн гэсэн нь (нэгийг алаад) нэгээр нь газарчлуулж ирэгтүн гэжээ гэв.
Олон улс за гээд өнөө хоёрыг барьж нэгийг нь цавчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шөнө очиж, баригдаж байсан хаан ааваа хулгайлан тайлж аваад цаадах дайсан амьтныг хядаж орхиод аавыгаа гаргахын далимаар тэр гүрнийг эзлээд хаан суун жаргав.
Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвгөрч хаан ширээ төрийн хэргийг хүүдээ шилжүүлэх гэтэл хүү нь тэнэг тулд сэтгэл төвдөхгүй арга тасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр цэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр түшүүлэх санал төрж, бэрийнхээ үнэхээр цэцэн эсэхийг шалгахаар шийдэж гэнэ.
Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд “араг, савар, адуу, хомоол, хонь, хуц, чоно, гол, мод, идэх” гэсэн арван үг хэлэхийг цээрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгойг авна гэж зарлиг буулган араг үүрүүлж, савар бариулаад адууны хомоол түүлгэж, хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чоно барьж, гол гатлуулаад модны ёроолд идчихсэн байжээ.
Цэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй арван үгийг хэлж толгойгоо авахуулахад хүрэх тул арга олж айлтгасан нь,
– Би үдмэлийг үүрээд, матмалыг бариад, гүймлийн гээмлийг түүж явсан чинь майлдгийн ахлай данхлайг урсгалыг гатлуулаад, ургамлын дэргэд ульмар жамиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн үнэхээр гайхалтай цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхан жаргажээ.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …