Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө Улсын Их хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төслөө өргөн барьсны дараа Р. Амаржаргал гишүүний албан бичиг мөн л УИХ-ын даргад иржээ. Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө огцруулах саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж “Ч.Сайханбилэг сайн ажиллаж байна. Сонгуулийн өмнө, нийгэм эдийн засгийн байдлыг тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй” хэмээн сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан юм. Тэрээр Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсгээсээ татгалзаж байгаагаа Г.Уянга гишүүнд ч мэдэгдэж байсан гэнэ. Гэвч Г.Уянга гишүүн түүний саналыг үл тоомсорлон Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөлд Р.Амаржаргалын нэрийг хавчуулсныг эсэргүүцэн, албан бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлжээ. Энэ талаар бид Р.Амаржаргал гишүүний ажлын албанаас тодруулахад “ Өчигдөр Р.Амаржаргал гишүүн огцруулах саналаас татгалзсан гэдгээ нотлон УИХ-ын даргад албан бичиг өгсөн нь үнэн.” хэмээн ярьж байна.
Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсон анхны чуулганы хуралдаан дээр л огцруулна хэмээн мэдэгдэж, 19 хүний гарын үсэг цуглуулахын төлөө бүхэл бүтэн хагас жил ажилласан Г.Уянга гишүүний оролдлого эхнээсээ бүтэлгүйтэж эхэллээ.