ШӨХТГ саяхнаас шинэхэн удирдлагатай болсон. Засгийн газрын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, орон тооны гишүүн А.Ариунболд нарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж оронд нь Д.Мөнхтөрийг томилсон билээ.
Тэгвэл шинэ, залуухан дарга ажлаа аваад удаагүй байтал таагүй хэрэгт орооцолдож эхлэв бололтой. Түүнийг эмэгтэй ажилтнаа элдвээр хэлж, дарамталсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Яагаад ийм хэл аманд өртөх болсон талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрөөс тодрууллаа.
-Э.Цэрэн гэх эмэгтэй таны талаар өөрийн цахим хуудаснаа бичсэн байсан. Түүний бичээд байгаа зүйл үнэн үү?
-Ийм мэдээлэл ташаа гарсанд би их харамсаж байна. Яагаад гэвэл, би тэр “цэнхэр үст” Цэрэн гэдэг эмэгтэйг нэг ч удаа хараагүй. Уулзаж ч үзээгүй. Ямар учраас ийм мэдээлэл тараагаад байгаад би өөрөө ч гайхаад байгаа. Түүний яриад байгаа шиг хүн доромжилдог, дарамталдаг хүн би биш. Бүүр гайхаад байна. Тэр эмэгтэй надтай эхлээд уулзаж, ярилцаж үзээд ийм худлаа мэдээллээ тараагаасай гэж хүсч байна.
-Эмэгтэй ажилчдаа хэл амаар доромжилдог. Шүлэнгэтсэн харцаар хардаг гэсэн байсан.
-Манай байгууллагад хоёр эмэгтэй дарга бий. Нэг нь одоо 60 хүрч яваа, миний ээжээс ч насаар эгч хүн байдаг. Нөгөөх нь 40 гаруй насны эмэгтэй бий.
Энэ асуудлаас болж н.Алтанчимэг гэдэг газрын даргаа дуудаж уулзсан. Тэгсэн чинь Алтанчимэг дарга “Наад хүнийг чинь би танидаггүй, огт уулзаж байгаагүй хүн” гэж байсан.
Бид эвтэй найртай Төрийн ажлыг явуулахыг л эрхэмлэж байгаа. Ямар ч хувийн харилцаа, хандлага үүсэх нөхцөл байхгүй. Хэрэв итгэхгүй байгаа бол манай ажилтнуудаас асуугаад үз. Тэнд ердөө ажил “буцлаж” байгаа. Бид саяхан үндэсний хөтөлбөрөө зохицуулж дуусаад, шадар сайдад гардуулчихлаа. Бүгд л дор бүрнээ ажлаа хийж, завгүй байсан. Одоо “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар, хуулийн төсөл дээрээ сууж байна, байгууллагын 20 жилийн стратегийг боловсруулж байна гэх мэтчлэн ажил бидэнд их байна.
Энэ их ажлын хажуугаар илүү дутуу эмэгтэйчүүдийн хэрүүл хов живэнд хариулт өгөөд яваад байх завгүй байсан. Тийм асуудалл орооцолдоод явах зав бидэнд үнэхээр байхгүй. Ажилчид маань ажлаа цагтаа амжуулахын тулд илүү цагаар ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг би доромжилсон, басамжилсан юм байхгүй.