Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын санаачилсан “Хэрэглэгчийн жил”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа Төрийн ордноо өнгөрсөн баасан гарагт “Нэгэн дээвэр дор” нэртэйгээр болж өнгөрсөн.
Уг үйл ажиллагааны үргэлжлэл болгон “Нэгэн дээвэр дор” сэдэвт спортын нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр боллоо. Нөхөрсөг уг тэмцээнд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх зургаан агентлаг, Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэнд, спортын яамны нийт 130 гаруй ажилтан нэгдэн оролцов. Сагсан болон гар бөмбөгийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулсан уг тэмцээн “Аврагч” техник спортын клубт болсон юм.
2016 он “Хэрэглэгчийн жил” болсноор зөвхөн төр, нийгмийн байгууллагууд төдийгүй хэрэглэгч олон түмэн өөрсдийнхөө эрхээ хамгаалуулахын төлөө ухамсартайгаар тэмцдэг болгохыг зорьж байгаа.
Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хэлэхдээ: “Хэрэглэгчийн жил”-ээр хэрэглэгчдийн салбарт гурван том шинэчлэл хийнэ. Нэгд, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох, хэрэглэгч нэг бүрт мэдлэг, боловсрол олгох зорилт дэвшүүлж байна. Хоёрдугаарт, дэлгүүр, зах, нийтийн хоол, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүнд сурталгүй, авилгагүй болгох ажилд иргэн бүрийг татан оролцуулна. Гуравдугаарт, Монголын хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслүүд хэрэглэгчийн төлөө ажиллахад нь анхаарлаа хандуулна” гэдгийг онцоллоо.
А.Заяа