Тэрслүү үг 2 буюу Дарга сэтгэлгээ…

tersluu ugs copy Ардчилсан улс орнуудад аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа төрийг барих байгууллагын гишүүдийнх нь олонхын саналд тулгуурласан, тухайн шийдвэрийн буруу зөвийг хамтдаа хэлэлцдэг, түүнээс гарч болзошгүй үр дүнг нь нарийн тооцдог жамтай билээ. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ. Дарга юу гэнэ, түүнийг бусад нь үг дуугүй сахин биелүүлэх юм. Дарга нь ч үүнийгээ мэдэх тул, илтгэл яриандаа “би үүнийг ганцаараа шийдлээ, сайхан санаа бодож оллоо, одоо шууд л хэрэгжүүлэх л үлдлээ” гэх. Даамлууд нь түүнийг үг дуугүй, зөв буруу гэж ялгалгүй сахин биелүүлэх ёстой. Хурал, чуулган болоход янз бүрийн санал шүүмжлэл гарах болдог ч эцэстээ даргын хэлсэн үг л дийлэнх олонхи болно. Заримдаа цэргийн дэглэмтэй улс оронд бид амьдраад байна уу даа гэж эндүүрмээр. Тэр ч бүү хэл парламентын түвшинд сөрөг хүчин үгүй болж, бүгдээрээ амаа үдүүлж, конопоо яралзтал дарах нь социализмын үеийг санагдуулам. Зөвхөн улс төрийн дээд байгууллагуудад ч бус бас яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд ч бас ийм хандлага улам бүр газар авч байна. Ийм байгууллагуудад өөрийн гэсэн “тархитай хүмүүс” бус, зөвхөн “даргын тархиар” сэтгэдэг, ажилладаг хүмүүс улам бүр олширч байна.

Энэ тухай хуульч Х.Тэмүжин “Үгс” номондоо,“люмпэн элитүүд, …..өөрсдөө бусдад ухаалаг цэцэн болгож харагдахын тулд ойр орчиндоо “хамгийн бага тархитай хүмүүсийг” бөөгнүүлж, тэднээр өөрсдийгөө хүрээлүүлж, цайз хэрэм мэт хамгаалуулж байна” [Тэмүүжин.Х “Үгс” УБ., 2007, 41-р тал] гэж тун оновчтой бичжээ. Даргын өмнөөс үг хэлэх нь, үзэл бодлоо илэрхийлэх нь үндсэндээ өөрөө өөрийнхөө “булшны нүхээ” ухаж байгаа хэрэг гэсэн үг. Үүнийгээ сайн мэдэж байгаа учраас даргыг тойрон хүрээлэгчид нь дуугарна л гэж үгүй. Буруу байсан ч нүдээ аниад, шүдээ зуугаад л өнгөрнө. Ингээд л шийдвэрүүд нийгэмд хэрэгжихдээ дутуу дульмаг, алдаа оноо ихтэй, тооцоо төлөвлөгөөгүй байдгийн шалтгаан нь тайлагдах нь тэр. Дарга бүхнийг мэднэ. Хуулийг ч тэр л өөрчилнө, бас засна.Гагцхүү нийгэм хөгжинө гэдэг нь даргын сэтгэлд нийцэж байх явдал. Дарга нарт л ашигтай бол үндсэн хууль болоод бусад хуулийг өөрчлөх нь байх ёстой зүйл гэх мэтээр тэд бидэнд ойлгуулахыг эрмэлзэнэ.Учир нь тэд бидний төлөө “үхтлээ” ажиллаж байгаа учраас тэдэнд иймэрхүү “шан” байх ёстой мэтээр мэлзэнэ.Жорж Орвэллийн “Амьтны ферм” зохиолд энэ тухай тун оновчтой өгүүлдэг.

Ер нь эрх мэдэлд дурлагсад энэ бяцхан номыг олж уншиж, өөрөөсөө ичээсэй гэж хэлмээр байна. Бяцхан фермдээ хувьсгал хийн, фермээ өөрсдөө эзэлж, эзнээ хөөж явуулсан амьтад санамсаргүй байдлаар гахайнуудыг шинэ эзнээр өргөмжилчихсөн байдаг. Аажмаар гахайнууд эрх мэдлийг гартаа аван амьтдын анх гаргасан 7 заалт бүхий дүрмийг /хуулийг/ нэг л өдөр өөрчилчихсөн байдаг. “…Кловер морь, Мюрель ямаанаас хананд бичсэн дүрмийг уншиж өгөхийг хүсэхэд, Мюрель ямаа хэсэг түгдэрснээ …, нэг ч амьтан оронд цагаан хэрэглэлтэй унтахгүй /анхны дүрэм бол нэг ч амьтан оронд унтахгүй гэсэн заалт байсан/ хэмээн унших нь тэр, энэ үед түүгээр явж байсан Цангинуур нэрт бодон гахай яагаад үүнийг өөрчилсөн тухай бараг цаг гаруй яриа хийж, үүний дараа бусад амьтан ч ингэж өөрчлөх нь зөв юм байна гэж ойлгож авав.” [ Жорж Орвелл “Амьтны ферм” УБ, 2005, 55-56-р тал] Увайгүй улс төрчдийн явуургүй үйлдлийг үүнээс илүү хэрхэн ёгтоор дүрслэх билээ. Өндөр албан тушаалтан, дарга нарын байнга хүсэмжилдэг нэг зүйл бол тусгай хангамж. Тэд өөрсдөө баялаг үйлдвэрлэдэггүй байж, баялаг үйлдвэрлэгчдээс татварлан авсан төсвийн мөнгийг эзэн нь юм шиг л баруун солгойгүй хэрэглэнэ дээ. Утасны мөнгө, машины түлш, бичиг цаасны мөнгө, тэгээд бас болоогүй ээ “тархигүй” туслагчдын нь цалин гээд л. Үүнийг одоо цэгцлэх цаг болсон боловч нэр төдий ярьсаар байна.

Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд орсон өнөө үед энэ хямралыг гагцхүү дан ганц ард түмэн туулах биш, дээр дооргүй хамтдаа л туулах ёстой. “Болохгүй бол хойд гэрийн хар овоохой” гэгчээр ямар нэг зүйл бүтэхээ болихоор, дарга нарын заль мэх илчлэгдээд ирэхлээр тэд хамаг бурууг төр, ард түмэн хэмээх хоосон, хийсвэр зүйлд тохож, “уснаас өөрсдөө хуурай” гарахыг хичээдэг. Тэд хариуцлага алдсан бол хариуцлагыг төрд тохох, төрийн төлөө ажиллаж яваад л гэж алдаагаа цайруулахыг хичээдэг. Энэ үйл хэрэгт “ордны профессорууд” хэмээн хуульч Х.Тэмүүжиний нэрлэдэг зарим нэг эрдэмтэн, доктор, профессорууд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэд “даргын сэтгэлгээ”-г онол практикийн үүднээс хамгаалах, батлах үүргийг хүлээх ба үүндээ ч тохирсон хангалттай шан харамж авна. Тэд олон түмнийг даргыг дагахыг шаардана, яагаад гэвэл дарга ухаантай, дарга сэргэлэн, дарга бүхнийг зөв шийддэг гэдгийг бидэнд итгүүлэх үүргийг тэд хүлээдэг. Заримдаа тэдний арга ч амжилтанд хүрдэг. Тэд иргэн бол төрийн эд эс хэмээн сурталдсан, өөрөө түүндээ итгэсэнд догматик сэтгэлгээндээ биднийг итгүүлэхийг чармайдаг. Бид үүнд итгэх ёсгүй. Ингэснээрээ тэд ардчилсан төрд иргэн төрийг харж, царайчилж амьдрах ёстой юм байна гэсэн үзэл санааг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж байна. Өөрөөр хэлбэл төр бүхнийг мэддэг шүү гэдгийг л тэд үүгээрээ хамгаалахыг хичээж байна. Энэ бол “ордны профессор”-уудын ядмагхан сэтгэлгээ.

Төрийн төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн хоосон уриа, лозонг та бишгүйдээ л сонсож байсан байх, ялангуяа ийм уриа, лозон сонгууль дөхөөд ирэхлээр өдөр нүдэнд үзэгдтэл, шөнө зүүдэнд харагдтал яригддаг. Тэгээд ч энэ бол үе үеийн дарангуйлагчдын өмнөө тавьдаг хамгийн гол “догма”. “Будда дээр нэг хүн иржээ. Тэр хүн Маркс шиг хувьсгалын хэнээтэй байв. – Би яаж хүмүүст туслах вэ хэлээд өгөөгч, би ард түмнээ үнэн голоосоо өрөвдөж байна, би хүн бүхнийг аз жаргалтай болгомоор байна, яах вэ? надад туслаач гэж асуужээ. Будда түүний царайг дуугуйхан ширтэж байгаад гунигтай болчихов. – Та юунд гуниглаа вэ? гэх өнөөх хүн асуухад Будда хариуд нь өгүүлрүүн: – Чи өөрөө надад тийм жаргалтай харагдахгүй байна, гэтэл хүмүүсийг жаргаана гэх юм. Жаргал ямар байлдгийг чи мэдэх үү, өөрт чинь байхгүй байгаа юмыг чи яаж бусдад бэлэглэх вэ? гэжээ. [Агнистын гэгээ цуврал, “Чанадын чанадад” NEPKO publishing, УБ., 2008, 148-р тал]. Энэ бол нэгэн домог түүх. Магадгүй энэ түүхийг өдгөө болтол хүмүүс давтсаар, алдсаар л байгаа юм биш биз. Дарга нарын нэг бүхнийг мэдэгч хуучин царайлах хандлага нь эдүгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч тусгалаа олохыг эрмэлзэж байгаа явдал байна. Засгийн газар байгуулагдаад 100 хоносон юм гэнэ, тэгээд 100 хоногт багтаан их ажил амжуулснаа сайдууд нь ам уралдан ярих юм. Түүнийг нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэмжиж байгаа мэт өгүүлэх юм. Угтаа сэтгүүлчид биш, дарга нар л бүхнийг тэгж ханд гэдэг командыг өгсөн гэлтэй. Эс бөгөөс манай сэтгүүлчид Засгийн газрыг 100 хоногт юу хийж чадах ёстойгоос чадаагүй вэ гэж хандан асууж, тодруулж чадах л хүмүүс байлтай.

 2007.05 сар

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …