Бичин жилийн босгон дээр билэггүй юм бичиж, муу амлаад ч яахав. Гэхдээ улс орны эдийн засаг ямар түвшинд байгааг хэн хүнгүй мэдэх биз. Харин манай Засгийн газраас эдийн засгаа аврахаар олон чухал арга хэмжээ, тогтоол, төслүүдийг боловсруулж баталсаар л байгаа. Даанч сүржин тогтоол нь амьдрал дээр алагчилж, заримдаг байдлаар ажил хэрэг болж байгаа нь харамсалтай. Ард иргэдэд чиглэсэн, тэднээс хумсалсан, татвар, татаас авахаар тогтсон шийдвэрүүд тун сайн хэрэгждэг. Үр дүн нь өдөртөө мэдэгдэж, сардаа хоёроос гурван ч удаа азтан тодруулж, сая сая төгрөгөөр шагнасаар байна. Ашигтай болоод л азтан тодруулдаг байлгүй. Харин дарга нарт чиглэсэн, тэдний тансаглалыг хэмнэх ажлууд л хэрэгжиж өгдөггүй талтай.
“Шатахуун их зарцуулдаг том оврын “жийп” автомашиныг халж, жижиг тэргээр сольё” гэсэн байдаггүй. Бүр эсрэгээрээ эргэж, дарга нар нь зэрэг зиндаагаараа өрсөлдөж, улсын нэг хоёр номерын булуулдаж, унаж яваа машинаа эксел, ямбий сэг мэтээр дуудаж, барьцах болсон.
Гадаад томилолт, зугаалгыг багасгая гэсэн бас л байдаггүй. Дүүргээрээ, сумаараа, ажлын албаараа туршлага судалж, форумдаж, зугаалсаар л…
Бүр сүүлдээ тэдэн дундаа “хамгийн хамгийн”-аа ч тодруулж эхэлсэн байна. Ингээд Монгол Улсын хилийг хамгийн их давсан хүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тодорч. Улс орноо таниулах нэг номерын хүн учраас түүнтэй барьцаад ч яах билээ. Харин дэд байранд Гадаад хэргийн сайд байх болов уу гэсэн Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл багтжээ. Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах ажлыг Ерөнхийлөгчөөс гадна хотын дарга маань тунчиг идэвхтэй гүйцэтгээд байна уу гэлтэй.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын дарга маань жилийн 365 хоногийн 200-аадийг гадны улс оронд өнгөрүүлж байгаа гэв. Тиймээс ч “нийслэлийн” гэх ихэнх хурал зөвлөгөөнүүдийг Хотын даргын орлогчид нээж, хаасаар өнөөдрийг хүрчээ. Олон орлогчтой хүн юундаа ч санаа зовох вэ дээ. Тэдэндээ өөрийн ажлыг хувааж өгчихөөд л, орлогчдыг жинхэнэ утгаар нь ашиглаж, өөрөө наранд биеэ шарсан шигээ явж байдаг юм болов уу ч гэж бодогдох шиг. Юу сайхан дур сайхан.
Өнөөдөр ч хотын дарга маань өрөөндөө алга. Амралтаа авсан сурагтай. Утаа тортог ихтэй байгаа учраас “цэвэр агаар”-ыг зорьсон ч байж мэдэх юм. Үүнээс нь болоод “хотын дарга маань ажлаа хийдэг хүн үү” гэх яриа ч Хангарьд ордонд гарах болж.
Аялж зугаалах ч яахав. Хотын даргын эзгүй хот минь байсаар л байна. Хамгийн гол нь төсөв хэмнэх зорилготой тогтоол шийдвэрүүд эзэндээ л хүрэх шаардлагатай байна.
Шар хүү