Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Б.Сүглэгмаа гэж сүрхий овжин эмэгтэй байдаг юм байх. “Нэг ардчилал” клубын гишүүн тэрбээр Багшийн хөгжлийн ордон байгуулагдаж, клубынх нь гишүүн Л.Гантөмөр Боловсролын сайд болсны дараа Багшийн хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэмээх төрийн нэр барьсан хувийн компаниа байгуулж аваад “мөнгө хүүлэх” ажилдаа оржээ.
Боловсролын их сургууль болон бусад сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн оюутнууд шууд багшилж болоод л байсан. Харин Б.Сүглэгмаа багшийн мэргэжлээр төгсч багшлах эрхээ халаасалсан төгсөгчдөөс багшлах эрхийн шалгалт гэгч зүйлийг жил бүр төлбөртэйгээр авч, багшлах эрхийн шалгалт өгөөгүй хүмүүсийг багшлуулахгүй байх мэргэн арга олж “ойгүй их баяжиж” байгаа сурагтай.
Ямар сайндаа хөдөө орон нутгийн багш нар үүнийг эсэргүүцэн гомдол мэдүүлж, “чиний таргалсан миний турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг Монголын нийт багш нарын халаас хоосорч, Б.Сүглэгмаагийн халаас түнтийсэн хоёр яг тэнцэнэ хэмээн бухимдлаа илэрхийлэв. Жилд хичнээн хүн багш мэргэжлээр төгсч байгаа билээ. Монгол Улсын энэ олон их дээд сургуулиудаас хамгийн их бэлтгэгдэн гаргадаг мэргэжил нь багш билээ. Харин үүнийг анзаарсан Б.Сүглэгмаа багшлах эрхийн шалгалт хэмээх зүйлийг нэг хүнээс 38 мянган төгрөгөөр авч эхэлжээ.
“Багшийн их сургуулийг багшлах эрхгүйгээр төгсөж байна” / http://news.niigem.mn/content/28678.shtml?selected=2 / хэмээн МУБИС-ийн төгсөгч бичсэн цагаас л эхэлсэн бололтой гэмээр энэ бизнес нэлээд өргөжиж дан ганц төгсөгчид гэлтгүй багшилж буй багш нараас 5 жил тутам багшлах эрхийн сунгалт хэмээн 38 мянган төгрөг авдаг болж. Эх сурвалжийн мэдээллээр, өнгөрсөн жил л гэхэд Ховд аймгаас 300 хүн багшлах эрхийн шалгалт өгчээ.
Нэг тоо бодьё л доо, 38,000×300=11 сая 400 мянган төгрөг. Нэг аймгаас ийм хэмжээний мөнгө татаж, өлхөн үмхчиж буй “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” хэмээгч аварга могой 21 аймгаас 239 сая 400 мянган төгрөг авч байна. Дээрээс нь 21 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж буй багш нараас жил бүр багшлах эрхийн 5 жилийн сунгалтаа хийлгэх гэсэн ядарсан багш нарын 38 мянгын өргөлийг тооцоолохоор 300 сая төгрөг давахгүй хаачдаг юм.
Мэдээж энэ бүх бизнесийг БСШУЯ-ны сайдын ивээл дор Б.Сүглэгмаа цэцэглүүлж байгаа юм. Ховд шиг дундаж аймгаас жилд 300 хүн багшлах эрхийн шалгалт өгч байхад үүнээс олон хүн амтай аймгаас тэрнээс олон хүн шалгалт өгөх нь ойлгомжтой. Эсрэгээрээ зарим аймагт үүнээс бага хүн шалгалт өгч байгаа. Гэхдээ 300 бол дундаж тоо, тиймээс нэг аймгийг 300 гэж тооцоход нээх хол зөрөхгүй гэж эх сурвалж хэлсэн юм. Ингэж л зуу, зуугаар нь олж буй Б.Сүглэгмаа басхүү ганц, хоёр хүнийг 5, 10-хан сая төгрөгөөр хохироочоод луу унжаад байгаа юм байх. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Нинж