Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн зарим үр дүнгийн талаар мэдээлэхээр бэлтгэсэн байна. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр болон бусад албадын дарга нар оролцов. Хэвлэлийн бага хурлын эхэнд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг тус газраас 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.
-МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлига авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухайгаа илчилсэн. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Тэр дагуу МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан нэг ч хүн алга. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байгаа. Эх орондоо ирэхгүй байгаа тухайн этгээдүүдийг амьдарч буй улс оронтой нь Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Харин гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр боломж тааруу байдаг.
-“Хүргэн” гэгдэх Г.Дэнзэнгийн хэрэг юу болов?
Г.Дэнзэнгийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна. Прокурорын байгууллага руу яллах дүгнэлт үйлдүүлэхээр тун удахгүй шилжүүлнэ.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын төрийн албанд томилох боломжгүй гэсэн хариуг ЗГХЭГ-т хүргүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаснаа хүргүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодруулах боломжтой гэв.
Амар