АНУ, БНСУ жил тутам явуулдаг цэргийн хамтарсан сургуулилтаа ирэх сард эхлүүлэхээр зэхэж байна. Харин БНАСАУ тус сургуулилтыг дайнд бэлтгэж байгаа хэрэг гэж үзэн, энэ сургуулилт эхэлсэн нөхцөлд хатуу чанга хариу арга хэмжээ авна гэдгээ өчигдөр анхаарууллаа. Умард Солонгос өнгөрсөн сард цөмийн бөмбөг туршин, энэ сард алсын тусгалтай пуужин хөөргөсөн зэргээс үүдэн Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцдаад байгаа.
Хоёр Солонгосын хамтарсан Кэсон аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг Өмнөд Солонгос зогсоосны зэрэгцээ тус улсын ерөнхийлөгч Пак Гын Хе Умардын эсрэг хатуу арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Үүнээс гадна Умардын туршилтууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчсөн гэж үзэн, тус улсын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ тогтоохыг уриалж байгаа юм.
Энэ үеэр АНУ Өмнөд Солонгостой цэргийн хамтарсан сургуулилт явуулахдаа Умардын эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн нөхцөлд Умард Солонгосын хувьсгалт зэвсэгт хүчин цаг алдалгүй хариу барих хүчин чадавхи нөөц бололцоотой болохоо анхааруулсан байна. Умардын зэвсэгт хүчин мэдэгдсэнээр эхний бай Өмнөд Солонгосын засгийн газрын Хөх ордон байх юм байна. Харин үүний дараа Ази, Америк тив дэх АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгнө гэж Умард Солонгос мэдэгджээ. АНУ-ын 28 мянга 500 цэрэг Өмнөд Солонгост байрладаг юм.