Хүний амьдрал гэдэг баяр жаргалын хослол гэдэг. Хэн нэгэн баяр хөөрөөр дүүрэн, аав ээжийн хамтаар элэг бүтэн сайн сайхан амьдарч байхад өөр нэг нь сэтгэлдээ гуниг тээн, ижий аавын хайр халамжийг мэдрэхгүйгээр өсөх тохиолдол амьдралд бий. Гэсэн хэдий ч зүдэрсэн нэгэндээ тусладаг монгол зан бидэнд байдаг нь юутай завшаан.
Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг “Мон сафо” компанийн хамт олон болон “Залуу манлайлагч” эмэгтэйчүүдийн клубын зүгээс хамтран Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төвийн хараа хяналтгүй, хагас бүтэн өнчин 4-21 насны 104 хүүхдэд багачуудын дунд цасны баяр зохион байгуулж, тэдэнд баяр хөөр бэлэглэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэхээр шийдэн, энэхүү уриалгыг олон нийтэд хандан гаргаж байна.
Аав, ээжийн хайр халамжаар дутаж яваа бяцхан үрсэд баяр хөөр бэлэглэх тус цасны баярыг 2016 оны 3-р сарын 13-ны өдөр Хандгайтад зохион байгуулахаар төлөвлөжээ. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төв нь хүүхдийн болон залуучуудийн гэсэн хоёр бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр хүүхдүүдийг сурч боловсрох, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхэд чиглүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Мөн тус төвийн хамт олон Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал халамж шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байршуулан мэргэжлийн сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээ олгож хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм. “Мон сафо” компанийн хамт олон болон “Залуу манлайлагч” эмэгтэйчүүдийн клубын зүгээс нэг талаас эцэг эхийн хайр халамжаар дутаж яваа хүүхэд багачуудыг баярлуулах, тэдэнд цэвэр эрүүл агаарт нэг өдрийг өнгөрүүлэх боломж олгож, уралдаан тэмцээн зохион байгуулах, нөгөө талаас тэдний эцэг эхийг орлон ажилладаг багш ажилчидад урам зориг өгөхөөр зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
Бидний ирээдүй болсон хүүхдүүдийг баярлуулах гэгээн үйлсэд нэгдэх боломжийг хэн бүхэнд зохион байгуулагч байгуулагуудаас олгож байна.
Та бүхэн бидэнтэй нэгдээрэй…, бидэнтэй нэгдэн Хүүхэд багачуудыг баярлуулах үйлсэд оролцохыг хүссэн хэн бүхэнд бидний үүд хаалгаа нээлттэй.
Эрхэм та буян буяны дээд хүүхэд баярлуулах эл үйл хэрэгт бүх хэлбэрээр биднийг дэмжин оролцож болно.
Энэхүү буянтай үйлсэд оролцохыг хүссэн хэн бүхэн дараах утсаар холбоо барина уу.
Утас: 99189181, 88188030, 99248989
2016 оны 3-р сарын 13-нд өглөө 10:00 цагт Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай төвийн урд талбайгаас Хандгайт руу автобус хөдөлнө.