Д.Дорлигжав: Сонгомол ялыг олон болгосон

Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярилцлаа.

-Хууль зүйн салбарт нэлээн шинэчлэл хийгдэж байна. УИХ-ын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хууль зэрэг арав гаруй хууль баталсан. Эдгээр хуулийн гол өөрчлөлт юу байв?

-Эрх зүйн салбарын цөм нь болсон Эрүү болон Зөрчлийн хууль батлагдлаа. Материаллаг хуулийг хэн, яаж хэрэгжүүлэх, ямар үе шаттай байх буюу ажиллагааны нарийн зүйлийг зохицуулсан хуулийг процессийн хууль гэж ярьдаг. Одоо ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах, нотолсон хэргээ шүүхэд шилжүүлэх, гурван шатны шүүхийн хэлэлцүүлэг хийж шийдвэр гаргах гэхчилэн энэ бүхнийг багтаасан Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн хуучин 230 гаруй хуульд зөрчлийн тухай заалт байсан. Салбар, салбарынхаа хуульд зөрчлийн арга хэмжээ авдаг байлаа. Салбар, салбарын дарга, байцаагч нар зөрчлийг хайш яйш хэрэглэдэг байсан. Зарим нь илт гэмт хэргийн шинжтэй байхад зөрчил болгоод шийдчихнэ. Зарим тохиолдолд зөрчлийн шинжтэй байхад гэмт хэрэг болгоод шийдчихдэг байлаа. Улсын байцаагч нар хуулийн биш, салбарын мэдлэгтэй байх жишээтэй. Хууль зүйн хувьд нэг жигд ойлголцож хуулийг хэрэглэх асуудал олон жилийн турш буруу жишгээр явж ирсэн. Үүнийг цэгцэлж 230 гаруй салбарын зөрчлийг нэгтгэлээ. Зөрчлийн хууль гаргалаа. Зөрчлийг шалган шийдвэрлэх явцдаа хууль сахиулагч гэж хэн бэ, ямар хүмүүсийг хууль сахиулагч гэж үзэх вэ, хууль сахиулагч үйл ажиллагаа явуулахдаа ямар нийтлэг арга хэрэгсэл хэрэглэх вэ, нийтлэг бишээр яах вэ, зөрчлийн хэргийг яаж үүсгэх, хэрхэн шийдэх, шүүхийн ажиллагаа хаана харьяалагдах гэхчилэн олон ажиллагааг нэг хууль дор оруулж байгаа. Дээр нь нэмээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах явцад шаардлагатай бол албадлага хэрэглэхийг олон байгууллага янз бүрээр тусгасан байдгийг болиулж Зөрчлийн тухай хуульд нэгдсэн байдлаар тусгасан. Тэгэхээр зэрэг хууль сахиулах олон байгууллага нэг хуулийн зарчмаар, нэг арга хэрэглэнэ гэсэн үг. Тиймээс бид зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, албадлага хэрэглэх зэргийг нийлүүлсэн хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлнэ. Үүнтэй холбоотой шинэ эрүүгийн хууль, шинэ ажиллагааны хуультай уялдуулан хуулийг хэрэгжүүлдэг байгууллагын тухай буюу прокурорын хууль, шүүхийн хууль, цагдаагийн хууль зэрэг олон байгууллагын хуульд өөрчлөлт оруулж заримыг нь шинэчлэн найруулсан. Үндсэндээ бол үндсэн таван хууль болон дагаж гарч ирэх нэмэлт, өөрчлөлтийн олон хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.

-Шинэ хуулиар хорих ялыг багасгасан уу. Аливаа зөрчил гаргавал барьж хорихоосоо илүүтэй торгодог болж зөөлөрсөн гээд байгаа?

-Хорих ялыг учиргүй их багасгаагүй. Сонгомол ялыг олон болгосон. Хорих, торгох, зорчих эрхийг хязгаарласан, гэрийн хорионд байлгах зэрэг маш олон төрлийн ялыг хэрэглэж болохоор болсон. Нэгийг дангаар нь юм уу, хоёрыг хэрэглэж болох байдлаар сонгомол ялын төрөлтэй болсон байгаа. Гэхдээ ял оноох зарчим дээр хуучныхаас өөр зарчим баримталж байна. Тэр нь хэрвээ материаллаг хохирол учруулчихаад түүнийгээ барагдуулсан бол заавал хорихгүй байх ч юм уу, эсвэл хорих ялыг хүнд хэрэг дээр хөнгөлөх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй заавал нотлогдож байгаа үед ялыг сонгож хэрэглэж болно. Харин гэм буруутай гэдэг нь нотлогдоод байхад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг арилгаагүй бол ялын бодлогыг чанга хэрэглэж болохоор байгаа. Ингэж хуулийг хийснээр орчин үеийн захиалгад нийцэж байна гэж үзэж байна. Өнөөдөр нэлээн олон хүн эрүүгийн гэмт хэргээр шийдэгддэг боловч хохирлоо барагдуулдаггүй. Хохирсон хүн хохирсон чигээрээ үлддэг. Мөн хохирол арилгасан арилгаагүй, буруу зөв ойлгож байгаа, хэрэг шалгах ажиллагааг санаатай болон санаандгүй хүндрүүлсэн, зардал чирэгдэл их гаргаж байгаа тохиолдолд хүлээх ял харилцан адилгүй. Мөн шинэ төрлийн ялууд орж ирж байгаа. Түүнчлэн цаазын ялыг халсан. Энэ мэтээр Монголын эрүүгийн хуулийн практикт байгаагүй зүйл шинээр нэмэгдэн орж ирсэн.

-Өнгөрсөн зун өршөөлийн хуулийг хэрэгжүүлсэн. Уг хуулийн явц ямархуу байгаа вэ. Хууль батлагдсан ч гэлээ суллагдаагүй хоригдол олон байна гэх юм?

-Батлагдсан хуулийнхаа хүрээнд өршөөлд хамрагдах хүмүүсээ хамруулсан. Суллах ёстойг нь суллаад, орон нутагт нь хүргэж өгсөн. Зарим хүмүүсийн тухайд өршөөлийн хуульд хамрагдаагүй. Тэр хүмүүс ялаа эдэлж байгаа. Харин мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн шатанд байсан бүх хэрэг шувтарсан. Өршөөгдөх нь өршөөгдөөд, гэм буруугаа хүлээх нь хүлээгээд явж байгаа. Нэг онцлог нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл өршөөлд хамруулсан. Өөрийгөө буруугүй гэж үзээд шүүхээр асуудлаа шийдүүлэн цагаадна гэсэн хүмүүс бий. Таслагдаагүй ийм хэргүүд дээр хэрхэхээ шийдэх нь тухайн хүний асуудал.

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зүйн болон эрхзүйн салбартай холбоотой нэлээн олон хууль баталлаа. Одоо харин эрхзүйн шинэчлэлийн салбарт ямар асуудал тулгамдаж байгаа вэ?

-Таван гол хууль батлагдсан. Тэдний нэг нь Арбитрын тухай хууль. Аж ахуйн хэрэг маргааныг шалган шийдвэрлэдэг хууль шүү дээ. Олон улсын жишигт нийцсэн, НҮБ-ын холбогдох газруудаас өгсөн зөвлөмжийн хүрээнд хийгдсэн хууль. Үүний ач холбогдол юунд байдаг вэ гэхээр хоёр аж ахуйн байгууллагын гэрээ хэлэлцээртэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэхгүй тохиолдолд хэрэг болдог. Хоёр тал хоорондоо тохиролцоод аль улсын арбитрын шүүхэд очихоо шийдэж болно. Манайхан голдуу Английн арбитрын шүүх дээр очоод байдаг. Асар өндөр үнэ хөлс төлдөг байлаа. Тиймээс шинээр баталсан Арбитрын тухай хуулийн төсөл олон улсын жишигт нийцсэн, сайн хууль болсон. Энэ хууль батлагдсанаар маш олон аж ахуйн хэрэг олон улсын арбитрт биш Монголынхоо арбитр дээр шийдэгдэх бололцоотой. Нөгөө талаас ихэнхдээ иргэний шүүх дээр хоорондоо маргалддаг байсан. Энэ олон маргаан арбитрын шүүхэд очих боломжтой. Ингэснээр нэгдүгээрт, иргэний шүүх дээр хэлэлцэх хэргийн тоо цөөрнө. Хоёрдугаарт, өндөр зардалтай гадаадын шүүхээр явахгүй болно. Гуравдугаарт, Монголын эрхзүйн систем хаа хаанаа жигд, олон улсын стандартын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болно. Түүнээс гадна Прокурорын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны хууль батлагдвал цөөн хэдэн хууль үлдэнэ. Мөн ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх нэг чухал хууль бол Хохирлын сангийн тухай. Хууль сахиулагч хэн ч бай төрийн нэрийн өмнөөс ажил хийж буй төрийн албан хаагч. Тухайн хүн ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн алдаа гаргаад хувь хүн, албан байгууллагыг хохироосон бол тэр байгууллагаас хохирлоо нэхэмжлэн гаргуулж авч болно. Одоо бол тийм эрх нээлттэй боловч Сангийн яаман дээр мөнгө байхгүй гээд өгч чаддаггүй. Тэгэхээр зэрэг энэ байдлаас гарах цаг болсон. Хохирсон л бол тэр байгууллага хохирлыг тэр дор нь барагдуулах ёстой. Харин удаа дараа ажлын хариуцлага алдаж улсын төсвөөс хохирол гаргуулаад байгаа албан тушаалтныг ажлаас нь халах, албан тушаал бууруулах үндэслэл болгож байгаа. Одоо бол тийм зүйл байхгүй байгаа шүү дээ. Хохирлын сангийн хууль гэдэг бол нэг талаасаа иргэд байгууллагуудад төрийн нэрийн өмнөөс учруулж буй хохирлыг саадгүй арилгаж байх. Хоёрдугаарт, хохирол учруулаад байгаа хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож байх ийм үндэслэл бий болж байгаагаараа шинэчлэлийн ач холбогдолтой. Цаана нь яах вэ энэ хуулиуд гарч байгаатай холбоотой өмгөөллийн хууль, нотариатын хууль, дотоодын цэргийн хууль гээд гурав, дөрвөн хууль бий.

-Хохирлын сангийн төсөв мөнгө нь хаанаас гарах вэ?

-Улсын төсвөөс гарна. Гэхдээ тэр нь өөрөө арвижиж байдаг. Улсын тэмдэгтийн хураамж, янз янзын хуулийн байгууллагын торгууль шийтгэлийн төлбөрүүд түүн дээр төвлөрнө. Тэр нь эргээд хүмүүсийн хохирлыг барагдуулахад зарцуулагдана. Гэхдээ улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхаар яригдаж байгаа.

-Хүмүүс зарга үүсгэхээр хохирсноосоо илүү зардал цаг хугацаа гаргадаг гэж ярьдаг шүү дээ?

-Хэрвээ өөрөө баталгаатай буруудахгүй гэж үзэж байгаа бол тэр хүн зардлаа гаргаад эцсийн шийдвэр хүртэл явна. Тэгээд эргээд зардал, хохирлоо гаргаж авах нөхцөл нь бүрдэж байгаа. Буруутай этгээд юм уу хувь хүнээс гаргуулаад авах жишээтэй.

-Сая Арбитрын тухай хуулийг батлаад гаргачихлаа. Маргаануудаа энд шийдвэрлүүлэх боломжтой юу?

-Бололцоотой. Манайх ийм жишиг хуультай. Лондон, Парисаас ялгаа байхгүй гэнэ шүү дээ.

-Арбитраа ашиглаад мөнгө олох боломжтой юу?

-Мөнгө олох гэхээсээ илүү гэрээ байгуулж байгаа талууд маргаанаа хаана шийдүүлэхээ тохирдог. Ингээд Монголын арбитраар шийдүүлэх бололцоотой болж байгаа. Ийм тохиолдолд Монголын арбитр юм уу хуульчид тодорхой хэмжээгээр туршлагатай болно. Нөгөө талаасаа бүх улс орны хууль нь жигд нэг стандарттай байх ёстой гэсэн шаардлага барьж байгаа.

-АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болох боломжгүй гэсэн хариу өглөө. Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь арилсан биш үү. Ц.Нямдорж гишүүн Н.Энхбаярыг шинэ Эрүүгийн тухай хуулиар бол ялгүй болсон хүн гэж хэлж байсан. Та энэ талаар сонирхож үзсэн үү?

-Хуучин хуулиар жишээлбэл, төдөн жилээр ялаа эдлээд гарсан бол тэдэн жилийн хугацаанд ялтайд тооцно гэсэн хуулийн үйлчлэл одоо хүртэл явж байгаа л даа. Есдүгээр сар хүртэл үйлчилнэ. Н.Энхбаярын хувьд бол би аль зүйл ангиар хэдэн жил шийтгүүлээд яаж гарч ирсэн талаар хэрэг болгож үзсэнгүй. Ямар ч байсан өршөөгдсөнийг нь би мэдэж байна. Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж байсан. Өршөөгдөнө гэдэг бол хэрэг хийсэн юм байна гэхдээ биеэр эдлэх ялаас нь зайлуулж өглөө л гэсэн үг. Энэ хүний тухай шүүхийн тодорхой таслан шийтгэх ялын тогтоолыг харж байж л хэлнэ.

-Х.Тэмүүжин гишүүнийг сайд байхдаа өргөн барьсан хуулиудыг татаж аваад өөрчилсөн гэдэг?

-Ямар ч хүн өөрийн гараар үзэж харж нягталж өөрийнхөө итгэл үнэмшил болсон юмыг барьж авдаг биз дээ. Тэр үүднээс би урьд нь боловсруулагдсан хуулиудыг буцааж авч үзсэн. Санал нийлж байгаа ч юм байгаа. Түүнээс сөргөлдөөд байгаа юм байхгүй л дээ. Ямар ч байсан боловсруулаад өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байна даа.

-Х.Тэмүүжин гишүүн та хоёр үе үе сөргөлдөж харагддаг. Ажил хэргийн шугамаар байдаг уу. Эсвэл та хувь хүнийх нь хувьд дургүй юм уу?

-Хувь хүний асуудал байхгүй. Хуулийг харахаар аль дээр нь санал нийлж байна, аль дээр нь нийлэхгүй байна гэдэг харагдана. Энэ чинь шинжлэх ухаан байхгүй юу. Шинжлэх ухаан дээр хэрвээ гэдэг юм байх ёсгүй. Шинжлэх ухааны мэтгэлцээн гэдэг юм уу ном хаялцах тийм л зүйл байх ёстой. Тэр түвшинд л ярих ёстой. Бусад хүмүүс юу гэж ярих нь тэр хүмүүсийн л асуудал шүү дээ.

-Цагдаагийн цолны асуудлыг та хуучнаар нь болгосон доо?

-Одоо байгаа хууль тогтоомжийнхоо хүрээнд тушаал гаргаж өөрчилсөн. Цол хэргэм олгож байгаа асуудлын тухайд салбар дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл ханамжгүй зүйл байсан. Үнэхээр ч сургууль дөнгөж төгссөн хүүхэд албан тушаал дээр очиход олон жил ажилласан хүнээс илүү цолтой болоод оччих жишээтэй. Иймэрхүү дутуу харж хийсэн зүйлс байсан.

-Хувцас хунарын өөрчлөлтийн тухайд?

-Хувцасны загвар материалын тухайд эргэж харах юм байна. Манай яаман дээр ажлын хэсэг гараад үүн дээр ажиллаж байгаа.

-Тахарын албаны тал дээр Х.Тэмүүжин гишүүн та хоёр санал нийлдэггүй тал бий?

-Тахарын асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад орж байгаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмнэлэг, архивын газрын байр шинээр ашиглалтад орлоо?

-Бодлогын хувьд үүн дээр ач холбогдол өгсөн юм л даа. Нэгдүгээрт, архивын хувьд их олон жил хаа хамаагүй стандартын хувьд нийцэхгүй юманд явж ирсэн. Архивын олон жил хадгалдаг материалыг тусгай стандартын дагуу хадгалахгүй бол мууддаг. Янз бүрийн юм болно. Стандартын зураг хөргийн дагуу гаргасан архивын барилга баригдаж эхлээд ажил нь зогссон байсан. Тиймээс бодлогын хувьд салбарын хөрөнгө оруулалтыг дайчилж ашиглалтад орууллаа.

Хорихын эмнэлгийн хувьд хоригдож байгаа хүмүүс муу юманд байх ёстой юм шиг зүйл байсан. 120 ортой эмнэлгийг бодлогын хувьд ашиглалтад орууллаа.

-Таныг УИХ-д нэр дэвшинэ гэсэн таамаг их байна. Зарим нь намын жагсаалтад орно ч гэж байгаа?

-Нам дээр ярьж байгаад л шийднэ шүү дээ. Нам ямар журмаар шийдэх юм, түүгээр л явна.

Ж.БАЯРСАЙХАН

С.АЛТАНЦЭЦЭГ

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …