Туркийн нийслэлд амиа золиослогч дахин халдлага үйлджээ

13e247c2f260123ef2186d4659e1d7c1_x3-600x290 (2)

Туркийн нийслэл Анкара хотод авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, үүний улмаас 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. Холбогдох эх сурвалжийн мэдээгээр энэхүү халдлага Анкара хотын худалдаа, зам тээврийн төвлөрсөн гол бүсэд болжээ. Хэргийн газарт хэд хэдэн авто машин дэлбэрэлтэд өртөж, шатсан байна. Өнгөрсөн сард мөн л Анкара хотноо алан хядагчид халдлага үйлдсэнээс 28 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж, шархдаж байсан юм.

Орон нутгийн цагаар 18:40-ийн үед хамгийн сүүлчийн дэлбэрэлт болсон, цагдаа нар дахин халдлага болох вий гэж сэрэмжлэн тухайн бүсэд байсан бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа ч мөрдөн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр халдлагыг Курдын ажилчдын нам гэх Туркийн эрх баригчид алан хядагч бүлэглэлийн жагсаалтад багтаадаг салан тусгаарлагчдын бүлэглэл зохион байгуулсан байж болзошгүй гэж албаныхан мэдээлжээ.

Туркийн Ерөнхий сайд Ахмет Давут-Оглу халдлагатай холбогдуулан аюулгүй байдлын асуудлаар шуурхай хурал хийж байна. Анкара хотод авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрэх үеэр 30 хүн газар дээрээ амь үрэгдсэн. Үүнээс гадна 4 хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Эдгээр 34 хүний 2 нь амиа золиослогч этгээд байсан гэж холбогдох албаныхан үзэж байна.

Одоогоор дэлбэрэлтэд өртсөн 125 хүн Анкарагийн эмнэлгүүдэд хүргэгдэн эмчлүүлж байна. Тэдний 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм. Өнөөдөр халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, халдлагад оролцсон хүмүүсийн нэрийг албан ёсоор зарлана гэдгээ Туркийн дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Туркийн нийслэл хотноо 6 сарын хугацаанд алан хядагчид 3 дахь удаагаа халдлага үйлдсэн нь энэ болж байна.

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …