Сүүлийн жилүүдэд манай улсад харгис, хэрцгий, санаанд багтамгүй байдлаар үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргүүд дараалан гарч нийгмийг багагүй цочирдуулсан.
Тодруулбал, Зэвсэглэн банк дээрэмдэх, Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд нууж явсан, хүүхэд барьцаалах, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, гэр бүлийн гишүүдийг бөөнөөр нь хөнөөх, бага насны хүүхдийг хүчирхийлэх, олны нүдэн дээр өөрийгөө шатаах, хүний хоолой хэрчих гээд киноноос л хардаг цочирдом гэмт хэргүүд бидний эргэн тойронд гарч байгаа нь амгалан тайван байдалд дассан бидний хувьд мууг ёрлосон дохио гэлтэй. Эндээс, бид яагаад ийм догшин, харгис хэрцгий, аймшигтай болоод байна вэ гэсэн бодол төрөх юм.
Үүний шалтгаан нь өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, хямрал, ядуурал гэдэгтэй маргах хүн үгүй биз. Угаас эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг нь нэгэнт тогтоогдсон зүйл.
Өөрөөр хэлбэл, АНУ, ОХУ гэх мэт том улсуудад хүртэл эдийн засгийн хямралаас үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдэл гарч байсан жишээнүүд олон байдаг юм билээ. 1910-аад оны үед АНУ-д эдийн засгийн хямрал бий болж, том том корпораци, компаниуд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо дээд цэгтээ хүрч, нийгэмд нь ядуучууд ихсэж, архидалт дээд цэгтээ хүрч, онц ноцтой гэмт хэргүүд гарах болсон байдаг.
Харин манай улсад сүүлийн жилүүдэд өөрөөр хэлбэл, АН-ынхан засгийн эрх барих хугацаанд энэ төрлийн гэмт хэргүүд хүчээ авч байгаа. Өмнө нь хэрэг гардаггүй биш гардаг байсан. Гэхдээ ингэтлээ зэрлэгшээгүй, адаглаад бие биенээ хайрлах, хамгаалах сэтгэлтэй байсан. Гэтэл одоо, ээж, аав нь хүүхдээ, нөхөр нь эхнэрээ харгис хэрцгийгээр хөнөөдөг болсон цэвүүн цаг иржээ. Үүний хамгийн гол буруутан нь одоогийн Засгийн газар, төрийн эрх баригчид юм. Зарим нэг нь тэд гэмт хэрэг үйлдээд байгаа биш тэдэнд ямар хамаатай юм бэ гэж магадгүй. Тэгвэл төрийн буруу бодлогоос үүдэлтэй бий болсон нийгмийн тогтолцоо өнөөдрийн харгислалыг бий болгож байна.
Ер нь онц ноцтой гэмт хэргүүд гарахад нөлөөлж буй гол гурван хүчин зүйлийг нэрлэхэд, хүн амын нягтаршил, эдийн засгийн хямрал, нийгмийн бусад хүчин зүйл гэсэн албан тайлбар гарсан байдаг. Эдгээрээс эдийн засгийн хямралыг илүүтэй онцлох нь зөв. Учир нь эдийн засгийн хямрал үргэлжлэх тохиолдолд харгис хэрцгий гэмт хэргийн тоо буурахгүй ээ гэж шууд ойлгож болох гэнэ. Эдийн засгийн хямрал бол энэ засгийн газрын балаг гэдэгтэй хэн ч маргах хүн биз. Үүний улмаас бидний дундаас, хамт олон, гэр бүл дотроос минь гэмт хэрэгтнүүд мэндэлж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Ер нь хүмүүсийн амьжиргааны төвшин доошлоод ирэхээр ёс суртахуун дагаад доройтдог тал бий. Сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн том төслүүд гацаанд орж, бидний амьжиргааны гол эх үүсвэр түүхий эдийн ханш унасан нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлсөөр байгаа.
Хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд олноороо нэгдэж, орлого нь эрс багассан. Энэ байдал цөхөрсөн зарим нэгний гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байна. Сүүлдээ нийгмийн өнөөгийн байдалд бүх бурууг тохож, гэмт хэрэгтнүүдийг өмгөөлөх өнгө аяс хүртэл цухалзах болсон нь харамсалтай. Ямар нийгэм бий болгох нь засгийн эрх барьж байгаа хүмүүстэй шууд холбоотой байдаг. Тиймээс гэмт хэрэг, болохгүй, бүтэхгүйтэй нийгэм бүрэлдсэний гол буруутан нь гарцаа байхгүй энэ засгийн газар. Гэмт хэргийн сэдэл ийнхүү харгисалж, хэрцгийжиж байгаагийн байгаагийн буруу ч түүнийх. Учир нь өнөөдөр Монголын эдийн засаг хямарч, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхтгож, зарим нь хаалгаа барьж, дампуурч байна.
Ажилгүй иргэд улам бүр олширч, ядуурч, архидалт нэмэгдэх боллоо. Нийгмийн стресс бухимдлаас үүдэж, онц харгис хэргүүд шил дараалан гарч, нийгмийг цочроож, айдаст автуулж байна. Нийгмийн сэтгэл гутрал, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсанаас залуучууд, Монголын ирээдүй архин далайд живж, мансуурч, ухаанаа алдаж, харгис хэрцгий гэмт хэрэгтнүүд болсоор байна.
Хамгийн аймшигтай нь энэ төрлийн гэмт хэргийг цочирдож, жигшиж хүлээж авдаг байсан иргэд маань одоо тэгэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, бид хэр баргийн гэмт хэрэг гарахад цочирдохоо байж, байдаг л зүйл мэт хүлээж авч эхэллээ. Зарим нэг нь бүр гэмт хэрэгтнүүдийг өмгөөлөх өнгө аяс хүртэл цухалзах болсон нь хамгийн том эмгэнэл юм. Мэдээж иргэдийн амьдрал хэцүүхэн байгааг хүн бүр мэднэ. Гэхдээ яаж ч хэцүүдсэн хүн хэвээрээ үлдэхсэн.
Эх сурвалж: Zaluu.com