Ченжийг орцонд нь зодож, улмаар авч явсан алтан гулдмайг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Баянмонгол” хороололд оршин суудаг 37 настай иргэн Д-г өнгөрсөн ням гарагийн шөнө 01:30 цагийн үед гэр рүүгээ орж явах үед орцонд нь гэмт этгээд халдаж, гар цүнхийг нь дээрэмдсэн байна.
Гар цүнхэнд нь цамцанд ороож боосон нийт 150 сая орчим төгрөгийн үнэ хүрэх 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байсан гэж хохирогч цагдаагийнханд мэдээлсэн аж.
Сэжигтэн этгээдүүд 25 орчим настай 170-175 см орчим өндөртэй, гонзгой царайтай, хар хувцастай байсан талаар дүрсэлсэн байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин