М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

Capture7

Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин.

Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол байдаг аж.

Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна.

Эпилепси өвчний үүсэх шалтгаан, эмчилгээний талаар Монголын неврологийн нийгэмлэг, “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Эпилепси өвчин үүсэх ямар шалтгаанууд байдаг юм бол. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий.
-Эпилепси буюу унадаг, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин.

Энэ өвчнөөр 0-80 насныхан өвчилдөг гэж үзэхэд наснаасаа хамаараад 20 хүртэл насанд төрөлт удаан явсан, бүтсэн, халууралт, удамшилт зэргээс болдог. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикл унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна.

Манай улсад давамгайлж байгаа шалтгааны нэгдүгээрт гэмтэл. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаанаар үүсэх унадаг, татдаг өвчин нэлээн байр суурь эзэлдэг. Уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай.

-Өвчнөө мэдэхгүй, оношлуулахгүйгээс болоод бага насны хүүхдүүдээс эхлээд олон хүн бөө болдог гэж байсан.
-Өвчнийхөө талаар мэдэхгүй, шалтгааныг нь тодруулж үзүүлэлгүй уналт, таталт өгсөн гэхээр л бөө болох ёстой юм байна гээд эмчилгээг зогсоож байна. Ийм тохиолдол маш олон. Жоохон хүүхдүүдийг өвчнийг нь оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөө болгочихсон байна шүү дээ. Тиймээс ар гэрийнхэн нь энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Энэ төрлийн өвчтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдаг гэсэн?
-Нийгэмд уналт таталтыг сэтгэцийн өвчин гэж ойлгох нь давамгайлдаг. Мөн энэ төрлийн өвчтэй хүн ч эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад ордог. Зарим тохиолдолд таталт өгөхтэй зэрэгцэн бие засдаг. Ийм өвчтөнүүд үүнээсээ санаа зовоод нийгэмд, олон нийтийн дунд орохоос зайлсхийж улам сэтгэлзүйн дарамтад орж байгаа юм.

Мөн гэр бүлийнхэн нь манай энэ татаж унадаг юм чинь сургуульд сурах, ажил хийх, олон нийттэй байх боломжгүй гэж үздэг. Тиймээс л цэцэрлэгээс эхлээд бүхий л шатанд энэ өвчний талаар ойлголтыг өгөх, эрүүл мэндийн ажилтнуудын ч мэдлэгийг нэмж байж эпилепситэй хүмүүс сүүдрээс гарч, нийгэмдээ зэрэгцэн орших боломжтой болно. Нийгэмд зөв хандлагыг бий болгож, дараа нь тэдэнд хэрхэн туслах вэ гэдгийг ойлгуулах нь чухал.

-Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэр байдаг юм бол?
-Дэлхийн хэмжээнд 70 орчим сая эплепси өвчтөний 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч энэ тоонд ордог. Эдгээр хүн эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг.

Дээрх тооны хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна.

Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэжээ. Энэ нь манай улсад энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг харуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл эдгээр хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Гэтэл Наполеон Бонапарт, Ван Гог, Достоевский Федор Михайлович гээд олон алдартай хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Ингээд ажилгүй, орлогогүй болчихоор сэтгэл санааны байдал нь хүнд болдог. Тиймээс ч бид хүмүүсийг энэ талаар мэдлэг боловсролтой болоосой гэж хүсэж нөлөөллийн ажил хийдэг.

-Эмчилгээний талаар, үнэ өртөг, үр дүн нь ямар байдаг бол?
-Таталт өгөх давтамж янз бүр. Жилд нэг удаа ч байж болно өдөр болгон ч байж болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүн эрт оношлуулж, эмчилгээндээ орвол таван жилийн дараа эдгэрэх боломжтой. Манайд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 80 хувь нь ууж байгаа эмийн хувьд сардаа 15-20 мянган төгрөг. Үүнээс арай үйлдэл сайтай эм нь 50 мянган төгрөг байдаг. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь. Гэвч манайд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, дэглэмээ барихгүй байна.

Манай лабораторид шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70-76 хувь нь эмээ уух ёстой тунгаар бага тунгаар ууж байна. Тэгэхээр тухайн хүний өвчин намдахгүй, таталт өгсөн хэвээр байна. Өвчтөн өөрөө эмээ уухгүй буруутай байж болох ч нөгөө талаасаа ажилгүй, орлогогүй хүмүүс эмээ авах мөнгөгүй байж ч болно шүү дээ. Тиймээс л энэ өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд нийгмийн талаас ажилтай болоход туслах, эдийн засгийг дэмжих гээд олон талт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалж : Gogo.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …