Хүүхдийн гэсэн бүхэн хаачив

Хүүхдээр овоглосон бүх л барилга байгууламжийг бизнесмэнүүд маань хувьчилж, өмчилж авснаар тэдний ашиг орлого олох үүд хаалга нээгдсэн бол хүүхдээр овоглосон бүхэн үгүй болов.

Улаанбаатарт хүүхдээр овоглосон 20 орчим барилга байсан ч одоо ердөө л хэдхэн нь л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв, Усан спорт сургалтын төв,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зүй ёсоор орж байгаа. Харамсалтай нь Хүүхэлдэйн театраас бусдыг нь энэ онд хувьчлах шийдвэрийг Хотын мээр маань гаргачихсан.  Шалтгаан нь “Цаашид ашиглах боломжгүй”. Үнэндээ энэхүү обьектууд хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлаж байгаа нь хэн нэгний арааны шүлсийг асгаруулж, газарт нь шунасны үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлдэг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэдийн хэлснээр Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг л гэхэд Монгол Улсад суугаа Японы Элчин сайд 150 сая төгрөгөөр засварлаж өгөх саналыг Засгийн газартаа тавьж, дэмжлэг авчихсан. Төсөв нь хэдийнэ шилжээд ирчихсэн байгаа юм билээ. Япончууд Монгол хүүхдүүдийн төлөө ингэж санаа тавьж байхад манай улстөрчид ямар шийдвэр гаргаж, бизнесмэнүүд нь баасан дээр шавсан ялаа шиг аяглаж байгаа нь эмгэнэл.

Хүүхдийн гэсэн бүхнийг хувьчилснаар ямар хувь заяанд хүргэсэн талаар та бүхэнд товчхон сануулахад илүүдэхгүй биз ээ.

“Хүүхдийн 100” гэж одоо болтол нэрлэгдсээр байгаа гудамжинд ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР байсан. Энэхүү театр нь 1967 онд байгуулагдаж байсан ч одоо ХААН банкны төв байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд залуучуудын театрыг 1991 онд менежментийн гэрээгээр хувьчилах үед И.Нямгаваа гэгч худалдан авч, хожим ХААН банкинд 6 тэрбум төгрөгөөр зарсан гэдэг яриа бий. Ийнхүү хувьчлал хийснээр 50 жилийн түүхтэй Хүүхдийн театрын эд хөрөнгө, ажиллаж байсан хүмүүсийнх нь бичиг баримт ч алга болсон талаар урлагийнхан халагладаг.

ХҮҮХДИЙН БАРИМТАТ КИНОНЫ ТЕАТР-ын байранд өнөөдөр Христийн “Хожмын үеийн гэгээнтний сүм” байрлан үйл ажиллагаа явуулж байна.

 

ХҮҮХДИЙН СОЁЛ, СПОРТЫН ТӨВ А.И.Цэдэнбал-Филатовагийн шийдвэрээр 1983 онд “Хүүхдийн соёл, спортын төв” байгууламжийг барьж, МХЗЭ-ийн мэдэлд өгсөн байна. Энэхүү төв нь цагдаагийн байгууллагатай хамтарч, “хэцүү” хүүхдүүдийг хамруулан олон төрлийн дугуйлан хичээллүүлж, тэднийг зөв иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байжээ. Гэвч дараа нь “Солонго” төв болгон нэрээ өөрчилж, ЕБС-ийн сурагчдыг хамруулан, хичээллүүлж эхэлжээ. Гэтэл 1997 онд “Монгени” сургууль орж, одоо хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.

 

ХҮҮХДИЙН НОМЫН САН ГХЯ-ны баруун талд “Зориг” сангийн зүүн талд байсан. Одоо нураагаад газар дээр нь олон давхар барилга барьж байна.

ЗАЛУУЧУУДЫН СОЁЛЫН ТӨВ 1987 онд тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны харьяанд байгуулагдаж байсан Залуучуудын соёлын төвийн “А” корпус буюу хүүхдийн төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болдог байсан тайз, их танхим бүхий хэсэгт өнөөдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулга байрлаж байгаа.

 

ХҮҮХДИЙН “БАМБАРУУШ” КАФЕ Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад, хамгийн түрүүнд хувьчлагдсан газруудын нэг нь “Бамбарууш” кафе. Тус кафе нь Төв номын сангийн хойхно талд байрладаг байсныг та бүхэн андахгүй мэдэх биз. Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан “Бамбарууш” кафед өнөөдөр зориулалтын бусаар “Downtown” ресторан байрлан үйл ажиллагаа явуулж байгаад өнөөдөр “Говь” компанийн нэрийн барааны дэлгүүр болжээ.

 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ОРДОН 1950-иод оны сүүл үед Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Н.Дангаасүрэн гуай ажиллаж байх үед, Залуучуудын ордон барих, хөрөнгө хуримтуулах хөдөлгөөн өрнүүлсэн аж. Хөдөөгийн малчид, сургуулийн сурагчдаас эхлээд Залуучуудын ордонтой болохын тулд хөрөнгө өгч, 1950 оны сүүлчээр одоогийн Драмын театрыг барьж 1960 онд ашиглалтад оруулсан байна. Н.Дангаасүрэн гуай 1959 онд Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлаа Ж.Пүрэвжав гуайд хүлээлгэж өгчээ. Ж.Пүрэвжав гуай барилга барихад дутсан хөрөнгийг нь дахин цуглуулж, Залуучуудын ордныг барьжээ.

Одоогоор Залуучуудын ордонд Драмын театр, Хүүхэлдэйн театр байрлаж байна. Учир нь 1960-иад оны үед Монголын соёл урлагийн хэд хэдэн байгууллага, орон байргүй, хөлсний байр дамжиж явсан учраас Ю.Цэдэнбал гуай, Ж.Пүрэвжав даргад хандаад “Энэ байраа бидэнд өгчих. Соёлын байгууллагууд хэцүү байдалтай байна” гэж хүсчээ. Тиймээс энэ хүсэлтийг нь хүлээж аваад, Драмын театрыг оруулсан түүхтэй юм байна. Гэхдээ Драмын театрыг хүүхэд, залуучуудад зориулаагүй гэж хараахан хэлж болохгүй ч, Залуучуудын ордон гэдэг газар Монголд байхгүй болсныг санах хэрэгтэй биз.

  

ҮНДЭСНИЙ СОЁЛ, АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН 1966 онд байгуулагдсан Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч энд газрын маргаан дэндүү их. Дээр нь “Бодь”-ийнхны мэдэлд очсон болохоор, хүүхдүүдийг бус ашгаа бодож, нэг тоглоом дээр тоглох өртөг нь дэндүү өндөр. Үгүй ядахдаа л хүүхдүүд парк руу орохдоо 1000 төгрөг өгч байж нэвтэрдэг. Тийм болохоор дундаж давхаргын айл өрхийн хүүхдүүд паркт очиж тоглох боломж хомс. Уг нь энэ паркийг байгуулахад хотын залуучууд олон хоног субботник хийж байж босгосон юм гэдэг. Тухайн үеийн Орос, Германы залуус дэмжиж тусласан байна. Мөн зураг төслийг нь Эвлэлийн төв хорооны захилгаар Иванов гэдэг орос хүн ирж, манай зураг төслийн багийнхантай хамтран гаргасан байна. Гэтэл өнөөдөр тэр залуучуудад, тэдний үр хүүхэд зориулагдах бус, нэг байгууллагын бизнес болж хувирчээ. “Үлгэрийн ордон”, “Төөрдөг байшин” гээд түүх өгүүлсэн бүхэн нь алга болсон. Жил ирэх тусам газрыг нь хумисаар буй.

 

ТУЯА РЕСТОРАН  Гэр бүлийнхэнд үйлчлэх зориулалттай байсан “Туяа” ресторан нь “Сөүл” гэх нэртэй болж, солонгосчуудын мэдэлд орсон билээ. Залуучууд, хүүхдүүдэд нь зориулсан рестораныг нь булаагаад зогсохгүй, жаахан үлдсэн газарт нь “Бодь”-ийнхон олон давхар зочид буудал барих нь гэдэг яриа ч өнгөрсөн жилжингээ чих дэлссэн.

 

“ЗАЛУУЧУУД” ЗОЧИД БУУДАЛ Энэ буудал нь гадаадаас ирсэн жуулчин залуусыг хүлээж авдаг, харилцан жуулчин солилцдог, Монголын залуусын томоохон буудал байсан байна. Харин одоо АН-ынхан өөрсдийнхөө мэдэлд бүрэн авчихсан гэхэд болно. Тодруулбал, “Залуучууд” зочид буудлыг, “Идэр” рестораны хамт “Ноёд” групп эзэмшдэг. Тус зочид буудал, хүүхэд, залуучуудад үйлчлэхээсээ илүүтэй, ашгийн төлөө ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тус буудлын барилгад “Соно” бичиг хэргийн дэлгүүр, “Хөвсгөл” хууль зүйн товчоо гээд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

  

Б.ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР 1951 онд байгуулж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрт өнөөдөр Монголын хөрөнгийн бирж байрлаж, зориулалтын бусаар ашиглаж байна.

 

“АРД” КИНО ТЕАТР “Ард” кино театрыг “Хас” банк эзэмшилдээ авсан. Тус банкны зээлийн болоод тооцооны төв нь энд байрлаад удаж байна. Мөн Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам энэ театрыг хувьчилж аваад, орчин үеийн кино театр барьна гэж ярьж байсан ч одоо хувийн байгууллагад, хэсэг хэсгээр нь зараад дуусч мэдэх нь.

Мөн ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН “ЕСӨН ЭРДЭМ” төв анх 1986 онд Ажилчны районы Хүүхэд, залуучуудын сургалтын төв нэртэйгээр байгуулж байсан. Өнөөдөр “Онгод интернэшнл” компани эзэмшиж байгаа бөгөөд Эдийн засаг, бизнесийн дээд сургууль байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж байна. Шарга морьтод байрлах хүүхдийн “ДРУЖБА” зусланг “Сод Монгол” групп эзэмшиж зориулалтын бусаар ашиглаж байгаа.

Зориулалтаар нь ашиглаж байгаа цөөн байгууламжууд болох Хүүхдийн урлан бүтээх төв, Усан спорт сургалтын төв,  Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг ямар хувь заяа хүлжжэ байгаа нь дээрх жишээнүүдээс тодорхой харагдаж байхад Хотын мээр маань хувьчлах шийдвэр гаргасан нь хэний эрх ашгийг хамгаалж байна вэ гэсэн асуултыг дагуулж байна.

Jirgee.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …