Б.Жагар: “Цөөвөр чононууд”-ын захиалгат ажиллагаа үргэлжилсээр байна

12596158_1010164655739151_2093413471_n

Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга Б.Жагартай ярилцлаа.

-Саяхан танай намын бага чуулган болсон энэ үеэр ямар асуудал хэлэлцэв?

-Өнгөрсөн баасан гаригт манай намын бага чуулган боллоо. Бага чуулганаараа  хэд хэдэн томоохон асуудлуудыг хэлэлцэж батласан. Тухайлбал манай нам  2016 оны сонгуульд “Хөгжлийн хувьсгал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулан  батласан. Мөрийн хөтөлбөрт мянганы төмөр зам, найман том хот байгуулах тухай тусгаж өгсөн байгаа. Хоёрдугаарт Монгол улсад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж хэлмэгдүүлэлт  үргэлжилсээр байгаа асуудлыг таслан зогсоох ажлын хэсэг гаргасан.  Үеийн үед эх орон ард түмнийхээ эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн төлөө дуугарч буй хүмүүсийг  хэлмэгдүүлж ирсэн нь түүхэн үнэн юм. XXI зууны хар сүүдэр болсон хэлмэгдүүлэлт  газар авч буйг таслан зогсоохоор тэмцэх цаг нь болсон гэж үзсэн.

-Та намынхаа дарга Н.Энбаярыг хэлмэгдүүлсэн  тухай яриад байх шиг  байна. Тийм үү?

-Монголын түүхэнд хар сүүдэр үүсгэж буй улс төрийн хэлмэгдүүлэлт МАХН-ын дарга Н.Энхбаяраар зогсохгүй манай намын нэр бүхий гишүүд дэмжигчдийн дунд ч тулгарч байгааг олон түмэн мэдэж байгаа байх. Ганц манай намаар зогсохгүй  бусад улс төрийн албан хаагчид ч хэлмэгдэн хоригдох болсон байна. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд захиалгаар бусдын эрхэнд халдах, нэр хүндэд халдах болсон увайгүй  үйлдлүүд ар араасаа цуврах болж. Энэ нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж Монголын хууль хяналтын байгууллага хэн нэг хүнийг захиалгаар үйл ажиллагаа явуулдаг болсоныг харуулж байна.  АТГ-ыг анх Н.Энхбаяр дарга үүсгэн байгуулж байсан тухайн үед Монгол улсад ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь батлагдсан хүн бүрт үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага гэж байсан. Гэтэл өнөөдөр тухайн байгууллага МАХН болон Н.Энхбаяр гэдэг хүнийг шалган байцаах газар болсон гэлтэй. Цагдаагийн байгууллагын хийх шалган байцаах ажил үүргийг АТГ хийж байна гэх зэргээр ард түмэн хүртэл шүүмжлэлтэй хандаж байна.  Буруутай гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосны дараа АТГ-аас шалгах учиртай байтал Н.Энхбаяр даргыг шалгаж мэдүүлэг авна гэж төрийн тусгай хамгаалалттай газар дайран орж ирсэн. Энэ бүхэн мэдээж цаанаа учиртай байх л даа.

-Ямар учиртай гэж?

– МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа  2009 онд Оюутолгой, Тавантолгойн байгалийн баялагийг ард түмэнд хүртээж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хөрөнгө  оруулах томоохон ажлуудыг  давалгаалуулж эхэлсэн. Түүний хийж эхлүүлсэн их үйлсэд саад учруулан таслан зогсоох зорилгоор гадаад дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлийн захиалгат ажиллагаа  түүнийг хэлмэгдүүлэх болсон. МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг  анх “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар Таймс” сонины хотын “А” зэрэглэлд байдаг байрыг хууль бусаар авсан гэх шалтгаанаар ял оноож байсан. Гэтэл өнөөдөр “Улаанбаатар Таймс” сонины байрыг Нийслэлээс хувьчилж хувь хүртэх болсон тухай яригдаж байна. Энэ бүхэн Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд хэлмэгдүүлж байсан гэдгийг нотлож байгаа юм. Энэ мэт хууль хяналтын байгууллагуудын захиалгат ажиллагаа хэн нэгнийг хэлмэгдүүлэх нь тухайн  хүн  тэдний ар гэр бүл үр хүүхэд, аав ээжийн бие сэтгэл, нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт ямар их хохирол амсуулж буйг мэддэг л байлтай.  Гэтэл энэхүү хэлмэгдүүлэлт хууль хяналтын байгууллагуудад газар авч нэг нам нэг хүнийг шалгах үүрэг авч ажиллаж байгааг нийгэм тэр чигээрээ ялгаж салган хардаг болж. Цагдаа, шүүх, прокурорын байгууллагууд болон АТГ гээд бүгд л сүүлийн хэдэн жил Н.Энхбаярын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүхний цаад зорилго нь юу байж таарах уу. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэн утгагүй зүйлээр яллаж байсан гэдгийг нийгэм тэр чигээрээ хүлээн зөвшөөрч байна. МАХН-ын хийх хөгжлийн хувьсгалыг таслан зогсоох гэж эдгээр хууль бус үйлдлүүдийг үзүүлж байгаа хэрэг. Тэглээ гээд намын нөхөд бид бууж өгөхгүй эргэж буцахгүй улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ард түмнийхээ төлөө тэрсүү үзэлтэн болсон ч бэлэн байна.  Дарамт шахалт хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг бид арилгах эрүүл нийгмийн төлөө зүтгэх давалгааг бид эхлүүлэнэ. Хэлмэгдүүлэлтийн дараагийн нэг жишээнд нүүрс хөтөлбөрөөс болж аавын хаалга татсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх н.Гансүх болон түүний эргэн тойрондох хүмүүсийг баривчлаж хорьсон явдал. Н.Мөнгөнтуяа гэх эмэгтэйг ганцхудагт хагас жил гаруй хугацаанд хорьж саяхан цагаатгасан. Тухайн хүнийг гэм буруутай гэж хүчээр барьж хоричихоод хэсэг хугацааны дараа цагаатгалаа гэдэг. Энэ үйлдэлд нь ард түмэн бухимдаж байна. Гэм буруугүй хүн шоронд хоригдох тэр хугацаанд бие сэтгэлийн нөхөж баршгүй хохирол амсаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал гэж нялх хүүхэдтэй эмэгтэйг  бариад хорьчихлоо. Энэ бүгд эх орныхоо эрх ашгийн төлөө хийгдэж байгаа ажил хэрэг үү.

 -Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэдэг?

-Эдгээр байгууллагууд хууль сахиулах ажиллагааг Монгол улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалан ажиллах  зорилготой. Харамсалтай нь өнөөдөр хэн нэгний захиалгаар тодорхой хүмүүсийг хэлмэгдүүлэн хорьж байгааг ард түмэн ялгаж салгаж хардаг болсон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г. Түшинжаргал гэх эмэгтэй шоронгийн шалан дээр, жорлонд эхийн цагаан сүүгээ саагаад сууж байна. Энэ мэдээг  харсан энэ тухай сонссон олон хүн сэтгэл эмзэглэн ярьж байна. Ямар ч хүний сэтгэл эмзэглэмээр үйлдэл  биш гэж үү. Монголын төр дэх олигархи, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн захиалгаар энэ үйлдэл хийгдэж байна гээд бодохоор  тэд хууль хяналтын байгууллагуудыг гартаа оруулчихсан байна гэдгийг батлаж байгаа юм. Өнөөдөр хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг захиалж томилдог болсон нь нууц биш. Эргээд захиалгат томилгоо нь захиалгат үйл ажиллагаа явуулж буй нь эрүүл бус нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм дорой нийгэмд өсөж хүмүүжиж буй залуу үеийнхэн бид хууль бус үйл ажиллагааг зүгээр хараад суух аргагүйд хүрлээ.  Монгол эхийн сүү шорон гяндангийн шалан дээр урсах ёсгүй. Эл хэргийг захиалагч хэн ч бай эхийн ариун хэвлийд бойжиж хүн болсон байлтай. Араатны  шинжтэй эдгээр “цөөвөр чононууд”-ын хууль бус үйлдлүүд нь Монголын ард түмний эр зоригийг мохоох гэсэн оюун санааны дайралт юм. Монголын ард түмнийг басан доромжилсон эдгээр үйлдэлд бид өртөх ёсгүй. Монголын түүхэн дэх хувьсгалчид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд монгол төр, хууль хяналтын байгууллагыг  ийм дорой байдалд ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг бай гэж тэд амиа золиж, цусаа урсгаагүй гэдгийг бид санах учиртай.

-Г.Түвшинжаргал шиг олон эх хоригдож байгаа шүү дээ. Тэр эмэгтэйчүүдийн төлөө дуугарч байсан хүн байна уу?

-Хэн нэг дарга УИХ-ын гишүүнтэй холбож энэ хүнийг өмөөрч байгаа юм биш. Эх хүн гэдэг талаас нь харж байна. Ой гарантай нялх хүүхэдтэй эх  шоронгийн “оо”-д  цагаан сүүгээ сааж байгаа, нөгөө талд сүүгээ хөхөх гэж амаа хатталаа уйлж буй нялх хүүхдийн дүр зурагт ямар ч хүний сэтгэл өвдөж өмөөрч дуугарах байх.

Нялх хүүхэдтэй хүнийг цагдан хорих ёсгүй.  Энэ бүгд хууль зөрчсөн үйлдэл болохыг харуулах гэж жишээ татаж ярьж байна. Монгол хүн эх орондоо байж эрхээ ийн ноцтойгоор зөрчүүлж байна гэдэг үнэхээр харамсалтай. Би эрх чөлөө нь зөрчигдөж байгаа асуудалд иргэд хүсэлт гаргасан үед тухайн нөхцөл байдалтай  очиж танилцаж ажилладаг. Гол нь Х.Баттулга гэдэг хүнд байгаа юм биш. Г.Түвшинжаргал гэдэг эмэгтэй ямар хэрэг хийсэн болохыг өнөөдөр хэн ч мэдэхгүй тодорхойгүй байгаа. Хэрэг хийсэн байсан ч ой долоон сартай хүүхэд энэ бүхэнд буруугүй шүү дээ.

-Энэ байдлаас гарах гарц бий юу бидэнд?

-Энэ байдлаас гарч болно. Гэхдээ олон түмний сонголт л мэдэх болж байгаа юм. МАХН-ын дарга төдийгүй түүний гэр бүл манай намын гишүүд дэмжигчид хэлмэгдүүлэлтэд өртөөд байгаа шалтгаан нь Оюутолгой, Тавантолгой  гэх стратегийн томоохон орд газруудыг ард түмэнд хувь хүртээхийг зорьж тодорхой тооцоо судалгаатайгаар бодит зүйл яриад эхлэх нь олигархиудын ашиг сонирхолд нийцэхгүй  бидний эсрэг үйлдэл гаргаж буй нь энэ. Одоо ард иргэдийн эдийн засаг маш хүнд байдалд байгаа энэ цаг үеийг МАХН-ын дарга түүний гишүүд дэмжигчид бид мэдэрч мөрийн хөтөлбөрөө “Хөгжлийн хувьсгал”  гэж нэрлэхийн зэрэгцээ түүнд  тусгагдсан хөгжилийн хувьсгалыг хийхэд ард түмний маань амьдрал сэргэж улс орон маань хөгжиж эхлэх юм. Ард түмний амьдрал сайжирч улс орныг хөгжүүлэж хууль хяналтын байгууллагууд ч чиг үүргийнхээ дагуу ажиллах цаг мөдхөн ирэх юм. Гагцхүү  ард иргэд та бүхэн манай намд  итгэл үзүүлэн удахгүй болох сонгуульдаа идэвхитэй оролцох нь чухал юм. Та өөрийн саналдаа үнэнч байх нь чухал. Та бүхний саналыг худалдаж авах гэсэн нөхдүүдэд итгэж нэг өдрийн хоолоор дөрвөн жилийнхээ хоолоо дээрэмдүүлэхээс болгоомжилоорой гэж уриалмаар байна.

Х.Баяраа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …