Иргэдийн бухимдалд дээд цэгтээ тулж амар тайван Монгол улсад маань янз бүрийн жагсаал цуглаан, иргэдийн дээрэм тонуул газар авсаар. Банк дээрэмдсэн тохиолдол амьдрал ядуураад эхлэхээр гарч байгаа нь үнэн. Өлсөж үхэхгүйн тулд хэн нэгнийг хаа нэгтээ дээрэмддэг болж. Өөрийн гэсэн бүхнээ, үр хүүхдээ, эцэг эхээ золиослон өдрийн 12400 төгрөгийн үнэ бүхий хоолтой улсын “асрамжтай” шоронд энэ бүх ядуу тарчиг цаг хугацааг өнгөрүүлсэн нь дээр хэмээн үзэж байгаа юм болов уу.
Манай нийгэмд бүх зүйл эсрэгээрээ байх юм. Шоронгийн хоригдлын нэг өдрийн хоол 12400, хүүхдийн үдийн цай хөтөлбөр /600 байсан/ 1200 төгрөг, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн нэг өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүст 5000 төгрөгийн хоол, ерөнхийлөгчийн нэг өдрийн хоолны зардал 1 300 000 төгрөг.
Ийм харьцангуй мөнгөн үнэлгээтэй байхад төр ажлаа хийж байна гэхэд хэцүү санагдана. Ерөнхийлөгч өдөртөө л цэцэрлэгийн 300 гаран хүүхдийн хоолыг, хоёр төсвийн ажилтны хагас сарын цалинтай нь идчихдэг гэвэл та итгэх үү? Нийгэмд ажиллаж амьдарч чадахгүй байгаа залуус өдрийн хоолны өндөр төсөвтэй газар “идсэн шиг идэж” суухыг хүсэх болж. Хэрэг төвөгт орооцолдох нь ихдэж, сүүлийн жилүүдэд дуулдаж байгаагүй жигшүүрт хэрэг ихээр гарах боллоо.
Аллага, дээрэм, хүчин, хүчирхийллийн гэмт хэрэг газар авч “хүн хүнээ байх” цаг ирж. Залуус ажилгүй, орлогогүй, нийгэмд эзлэх байр суурьгүйгээр барахгүй байнга санхүүгийн дарамттай, олсон орлогогүй хэн ч биш болон хувирснаар ийнхүү гэмт хэрэг ихээр үйлдэх боллоо. Залуусаа нийгэмд тосон авч зөв замд нь залахгүй юм бол шорон дүүрэн залуу насныхан болох вий дээ.
Б.Саран