Зургадугаар сарын 29-нд орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ба энэ өдөр Улаанбаатарын сонгогчид Нийслэлийн ИТХ-ын гишүүдийг парламентын сонгуульд нэр дэвшигчидтэй хамт сонгох юм.
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эсвэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг нэг тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоолоо. Үндэсний Аудитын Газраас гаргасан тооцооллын аргачлал болон Нийслэлийн бүртгэл статистикийн газраас гаргасан нийслэлд амьдарч байгаа өрхийн тоо, сонгогчдын тоо, газар нутгийн байршилтай уялдуулж сонгуулийн зардлын хэмжээг тогтоодог аж.
Энэ удаагийн сонгуулийн зардлын дээд хэмжээ нь 2012 оныхтой харьцуулахад хоёр тэрбумаас нэг тэрбум 460 сая төгрөг болж буурчээ. Харин нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 2012 онд 103-141 сая төгрөг байсан бол энэ сонгуулиар 106-189 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нь 100 хувь пропорциональ системээр явах бөгөөд 45 тойргоос 45 төлөөлөгч сонгогдох аж. 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэл хотод 920.421 сонгогч бүртгэгдээд байгаа юм. Харин УИХ-ын сонгуульд нам, эвслийн зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 3.2 тэрбум байхаар тогтоосон байгаа.
Нэг сонгогчид таван ам.доллар зарцуулдаг
Сонгуулийн зардлыг Сонгуулийн нэгдсэн хуульд албан ёсоор сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардлыг хэлнэ. Энэ нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөө бүрдэж болно хэмээн заасан байгаа.
Албан бус хэллэгээр бол нэр дэвшигчид сонгуулийн штаб байгуулах байр савны төлбөр, сонгуулийн тойрогт нэр дэвшигч Доржийг дэмжих нь чухал гэдгийг ойлгуулахаар ажиллаж байгаа ухуулагчдын цалин, ажлаа амжуулахаар нааш цааш давхих машиндаа хийх бензин шатахууны өртөг, утас харилцаа холбооны үнэ, хүмүүсийн хоол ундны зардал, сонгогчдод “чухамдаа бол би ийм хүн, намайг дэмжихийн давуу тал нь энэ” гэдэг ойлголтыг өгөхийн тулд бэлдсэн хэвлэмэл болон бусад төрлийн мэдээллийн төлбөр, цаасан хэвлэл, сэтгүүлийн зардлыг хэлдэг.
Зарим тохиолдолд хүчтэй, саналыг ихээр хувааж болзошгүй өрсөлдөгчийнхөө нэрийг татуулахад төлөх төлбөр ч байж болно. Энэ бүгд нэгж сонгогчдод зарцуулах зардал бөгөөд монголчууд олон улсын жишигт байдаг энэ аргачлал руу бага зэрэг ойртож яваа. АНУ сонгуулийн нэгж зардалдаа 25 орчим ам.доллар зарцуулдаг. Үүний 20-30 хувийг сонгуулийн бодлого тодорхойлох PR багтаа зарцуулдаг байна. Энэ багийн зардал хэвлэл мэдээллээр явуулж байгаа төлбөртэй сурталчилгаанаас тусдаа байдаг аж. Харин манай сонгуулийн зардлын жишиг үнэ албан ёсоор бол нэг сонгогчид таван ам.доллар оногдохоор байгаа юм.
Сонгуульд монголчууд хэдэн төгрөг хийсгэдэг вэ?
Албан бус судалгааны нэг дүнг энд танилцуулъя. Парламентын сонгууль явуулж эхэлсэн 1992 онд манайх нэг сонгогчид 13 төгрөг зарцуусан бол 1996 онд 3000 төгрөг болж өссөн байна. Харин 2012 оны сонгуулиар энэ зардал 30 мянган төгрөгт хүрчээ. Тодруулбал, нэгж сонгогчтой тулж ажиллах, нэр дэвшигчид түүнд өөрийгөө ойлгуулахын тулд 30 мянган төгрөг зарцуулсан гэсэн үг. Гэхдээ энэ зардал сонгуулийн тайланд байхгүй. Энэ бол PR багууд, төрийн бус байгууллага, судлаач ажиглагчдын хийсэн судалгааны дүн юм. Энэ зардал 2016 оны ээлжит сонгуулиар хэд хүрч өссөн байхыг хэлэхэд эрт байна. Юутай ч сонгуулийн зардал улам бүр өсч байгааг энэ судалгаа харуулж байгаа юм. Нөгөө талаар улс төрийн намууд, нэр дэвшигчид ч зардал өсөж байгааг хүлээн зөвшөөрдөг. 2004 онд бүх улс төрийн намууд нийлээд нэг тэрбум төгрөгөөр сонгууль хийсэн бол энэ зардал 2008 онд зургаан тэрбум, 2012 онд 36 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
Гэвч улстөрчид сонгуулийн штабын ажилчдын цалин хөлс, шатахуун, утасны төлбөр, өрсөлдөгчөө буулгаж авахын тулд хэрэглэсэн элдэв лобби, өөр шиг нь өөгүй мундаг хүн үгүй гэдгийг нотолсон зузаан зузаан сэтгүүлийг хэвлүүлж, түүнийгээ ачиж хүргэж, зөөж тарааж өгсөн хүмүүст өгсөн зардлаа автоматаар хасаад сонгуулийн зардлын 90 хувийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулдаг хэмээн мэлздэг болсоор удаж байгаа. Энэ тайлбар олон нийтэд “нээрээ ч тийм шүү” гэсэн бодлыг төрүүлж байсан бол одоо улстөрчдийн хувьд айхтар нарийн тооцоо байсан гэдэг нь нэгэнт ойлгомжтой болоод байгаа юм.
УИХ-аас баталсан сонгуулийн ерөнхий хуульд сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгож багасгасан ба 21 хоног байсан энэ хугацааг 14 хоног болгож багасгах гэж байхад Д.Лүндээжанцан гишүүн 18 хоног дээр тогтоолгосон юм гэдэг. Энэ хугацаанд шинээр нэр дэвшигчид тойрогтоо танигдаж амжихгүй нь тодорхой. УИХ-д сонгогдож байсан, сайн муугаараа олны танил болсон нэр дэвшигчдийн хувьд бол айгаад байх зүйлгүй. Ийм богино хугацаа тэдний хувьд боломж бөгөөд чухамдаа тэд шинээр нэр дэвшигчдэд тойрогтоо танигдах хугацаа олгохгүй буланд шахах. Нөгөө талдаа хэвлэл мэдээллээр өөрсдийнх нь тухай фактууд илүү олон нийтлэгдэхгүй байхыг тооцож энэ хоёроор “туг тахисан” хэрэг юм.
Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид багадаа 100 саяыг өгнө
2012 онд 36 тэрбумаар сонгууль хийсэн улс төрийн намуудын зардал 2016 оны УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хэд хүрэхийг урьдчилан хэлэх боломжгүй юм. Юутай ч улс төрийн намууд сонгуулийн мөнгө босгох ажлаа эхлүүлсэн бөгөөд АН нэр дэвшигчээсээ 100 саяыг авна гэдгээ мэдэгдээд байгаа. МАН энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч нэр дэвшигчид нь намдаа АН-ын нэрлэж байгаагаас бага биш мөнгийг хандивлаж байж өрсөлдөх эрх авах нь тодорхой. Мөн бусад намуудын хандив ч энэ хэмжээнд дүйх болов уу. Өнөөдөр улс төрийн намуудын мөнгө босгодог арга нэлээд тодорхой болсон. Сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа гишүүд намдаа мөнгө өгдөг энэ арга 2008 оноос нэвтэрсэн бол 2012 онд энэ дэнчин 50 сая болж өссөн.
Мөнгөн дүн хэдийгээр ийм хэмжээнд яригдаж байгаа ч намдаа нэг тэрбум төгрөг өгч байж сайдын суудалд очдог гэсэн мэдээллийг маш олон эх сурвалжууд зарлаад амжсан. Гэвч энэ хандивыг намууд сонгуулийн тайландаа тусгадаггүй. Хуулиар зохицуулагдаагүй, хяналтгүй мөнгө улс төрд ихээр орж байгаа нь олны анхаарлыг татдаг. СЕХ-ны мэдээлсэн тоо баримтаас харахад, өнгөрсөн сонгуулиудын санхүүжилтийн 90-ээс дээш хувь нь хандиваас бүрдсэн ч энэ мөнгө хаанаас, хэнээс орж ирж байгааг хэн ч хаана ч бүрэн гүйцэд хянахыг хүсэхгүй байгаа. Энэ нь улс төрийн намууд бусдын барьцаанд орж, төрийн эрх мэдэл авахдаа тэдэнд ээлтэй, таатай бодлого хэрэгжүүлж, улс төр, бизнесийн бүлэглэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
эх сурвалж: everyday.mn