Тайванийн архитекторууд гурван давхар байшинг уруу харуулан барьсан нь жуулчдын төдийгүй орон нутгийн иргэдийн анхаарлыг татах нэгэн гол үзмэр болсон тухай “Ассошиэйтед Пресс” мэдээлж байна. 600 мянган америк долларын өртгөөр Тайванийн Урлагийн яамнаас захиалж хийлгэсэн энэхүү байшингийн цонх, хаалга, доторх тавилга хэрэгсэл нь бүгд уруугаа харсан байрлалтай юм.
Хэдийгээр урлагийн зориулалтаар тус байшинг бүтээсэн ч, дотор нь хүн амьдрахад аюулгүй гэж мэргэжлийн байцаагч нар дүгнэсэн байна. АНУ-д их тааралддаг гэр бүлийн байшингаас санаа авч барьсан энэхүү байшин нь дотроо өргөн ор бүхий унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, авто машины гаражтай юм байна. Үүнээс гадна айл өрхийн амьдардаг байшинд байх бүхий л эдлэл хэрэгсэл, тухайлбал, гал тогооны тавилга, шалан дээр хэвтэх хүүхдийн тоглоомууд цөм энэ байшинд багтсанаараа бас онцлог юм.
Дээвэр хэсэг нь нарийсч төгсдөг ийм байшинг доош харуулан барихад барилгын жинг тэнцвэржүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэгт нэлээд хүндрэл бэрхшээл тулгарч байсан байна. Эдгээр хүндрэлийг шийдэх хамгийн оновчтой арга нь байшинг модоор бус цемент, гангаар босгох явдал байсан гэж архитекторууд тайлбарлаж байна. Барилгыг доош харуулан босгосны дараа хүнд тавилгууд болон авто машиныг гараж дотор доош харуулан тогтооход мөн л хүндрэл тулгарсан байна.
Гэсэн хэдий ч архитекторуудын ур ухааны хүчээр энэ байшин мэргэжлийн байцаагчдын үзлэг шалгалтад тэнцэж, хүн түр хугацаагаар буюу 6 сарын хугацаанд оршин суух боломжтой гэх дүгнэлт гарчээ. Архитекторууд байшинг аль болох бодит амьдралтай ойр болгохыг хүссэн байна.
Иймээс жижиг сажиг зүйлсэд ч ихээхэн анхаарал хандуулж байшинг бүтээсэн болохыг гар нүүрийн алчуур дээшээ унжиж байгаа, мөн гал тогооны ширээн дээр хоолны хэрэгсэл өрж тогтоосон байгаа зэргээс анзаарч болох юм. Уруугаа харсан энэ байшин хүн бүрт амьдралыг өөр нэгэн өнцгөөс харж, энгийн зүйлс ч эгэл бишийг мэдрэх боломж олгоно гэж зохион бүтээгчид нь хэлж байна.
Эх сурвалж: zaluu.com