Сүүлийн үед галт зэвсэг хэрэглэн банк дээрэмдсэн болон дээрэмдэхийг завдсан хэргүүд удаа дараалан гарсаар байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн эхэнд энэ оны нэгдүгээр улиралд гарсан гэмт хэргийн нэгдсэн тоо баримтуудаас танилцуулсан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд Улаанбаатар хотод нийт 4909 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүнээс дээрмийн гэмт өнгөрөгч оны мөн үеэс 22.2 хувиар буурсан бөгөөд хэрэг мөрдөн илрүүлэлт 9,8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Галт зэвсэг ашигласан дээрмийн хэргийн тухайд анх 2015 оны 12 сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны салбарыг галт зэвсэг хэрэглэн дээрэмдсэнээс хойш хэд хэдэн удаа гарсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарыг малгайтай цамц, хар алаг гуталтай, гартаа буу мэт зүйл барьсан этгээд мөнгө нэхэж дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Хэрэгтнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Замын цагдаагийн алба хаагчидтай хамтран богино хугацаанд илрүүлсэн байна. Гэмт хэрэгтэн эрхэлсэн тодорхой ажилгүй 28 настай Б гэгч байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр энэ хэргийг үйлдэхээс өмнө хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад батлан даалтад гарсан байжээ.
Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн дайрсан, довтолсон бол тухайн зүйлээ авсан, аваагүй нь хамаагүй гэмт хэрэгт тооцогддог. Мөн хэрэг үйлдэхдээ зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл ашигласан бол хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал үүсдэг байна.
Үүнтэй холбоотойгоор УБХЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваас зарим асуултанд хариулт авлаа.
-Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа явж байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гэмт этгээдийг хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Энэ төрлийн гэмт хэрэгт ямархуу ял шийтгэл оноодог юм бол?
-Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд довтолсон бол гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл буу бариад дайрсан л бол мөнгө төгрөг авсан, аваагүй нь хамаагүй гэмт хэрэг болно. Энэ төрлийн гэмт хэрэгт 10-15 жилийн хорих ял шийтгэх хуулийн зүйл заалт байдаг.
-Өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш галт зэвсэг хэрэглэсэн дээрмийн хэрэг нийт хичнээн гарсан бэ?
-Одоогийн байдлаар Худалдаа хөгжлийн банкнаас хойш Төрийн банк, Наранцэн ломбард Капитал банкны хэргүүд гарсан байгаа. Хамгийн сүүлд мөн Худалдаа хөгжлийн банкны салбарт гарлаа шүү дээ.
-Энэ төрлийн гэмт хэрэг удаа дараалан гарч байгаа нь юунаас болж байна гэж та харж байна вэ?
-Өнөөдөр амьдралдаа сэтгэл дундуур, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуучууд их байна. Тухайлбал Төрийн банкийг дээрэмдэх гэсэн этгээд өрөнд орсноос ийм байдалд хүрсэн байгаа. Ажил хийж мөнгө олохын оронд амар хялбараар мөнгө олох гэсэн хүмүүс л ийм хэрэг үйлдэж байна.
-Дээрэм булаалтын хэрэг аль дүүргүүдэд ихэвчлэн гарч байна вэ?
-Ер нь бага дунд ангийн сурагчдын үнэтэй гар утсыг булаах дээрэмдэх хэргүүд их байна. Энэ төрлийн гэмт хэрэг дүүрэг харгалзахгүйгээр камерын хяналт гэрэлтүүлэг багатай алслагдсан дүүргүүдэд гарах хандлагатай байдаг. Үүний эсрэг дүүргүүдийн цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа.
эх сурвалж: today.mn