Сүүлийн үед төрүүлсэн үрээ төөрүүлж орхих, хаях явдал нийгэмд энгийн үзэгдэл болчихоод байна. Тиймдээ ч өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг 15 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан билээ. Тэгвэл охиноо орцонд унтуулаад хаясан 24 настай Д-г төрсөн эгчийнх нь хамт өнөөдөр анхан шатны шүүхэд шүүхээр хурлын тов гарчээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм байна. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай аж.
Хэргийн тухайд эргэн сануулбал, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна” гэсэн дуудлага өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө ирсэн байдаг.
Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг ЭХЭМҮТ-д хүргэсэн. Охины хувьд хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм.
Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч “Эвээлтэй сэтгэл” хэмээх төрийн бус байгууллагын эхчүүд охиныг асарч тойлж байсан ч охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй, амьсгалын аппаратанд байсаар байгаад өөд болсон юм. Ээжийг нь цагдан хорих ангид хорьж байсан хэдий ч охиных нь биеийн байдал муудаад байхаар нь сахиулахаар батлан даалтад гаргасан юм. Тэрбээр охиноо сахиж байхдаа сайхан сэтгэлт хүмүүсийн эргэж тойрохдоо өгсөн мөнгө, хоол хүнсийг нь аваад үе үе алга болчихоод байсан гэсэн мэдээллийг ч тухайн үед эх сурвалж хэлж байсан.
Харин эх гэх Д нь өрцөө нимгэлж, өрөө зөөллөж төрүүлсэн охиноо орхиж явсандаа огт гэмшээгүй нэгэн гэнэ. Ээждээ гологдож, орцонд орхигдсон охиныг эмгэнэлтэй хувь заяа угтсан гэж бодохоор харамсал төрмөөр ч сайн ээжид эргэн төрөхийг хүсч сайхан сэтгэлт хүмүүс буяны ажлыг нь гүйцэлдүүлсэн юмдаг. Даанч буяны ажлынх нь үеэр муухай сэтгэлтэй, арилсан дотортой эх нь үзэгдээгүй бөгөөд ор сураггүй алга болжээ. Тийм ээжтэй байсан гэж бодохоор гол харлаж, сэтгэл сэмэрмээр болоод байгаа юм даа.
Хөөрхий охиныг төрүүлсэн хэрнээ, өсгөж чадаагүй, амьдрах амьд явах эрхээр нь тоглосон Д-г ээж байх эрхийг нь насаар нь хязгаарлах хэрэгтэй ч юм шигээ. Дахиж түүнд бурхан “Ээжээ” гэж дуудах үр заяахгүй байвал таарна даа гэсэн хатуухан үгийг хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу даа.
Сэжигтэн Д-гийн хувьд төрсөн эгчтэйгээ хамт амьдардаг хэдий ч цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Би ганцаараа байдаг энэ хүүхдийг өсгөх амьдралын ямар ч боломж байхгүй. Эцгийнх нь тухайд ч мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг өгчээ. Ийм л бөх зүрхтэй эх хүн байжээ. Голсон үр нь гомдохдоо бурханы орныг зорьчихоод байхад буяны ажилд нь ч оролцох сэтгэл зүрх тэр эмэгтэйд байгаагүй гэж бодохоор л… Нялх балчир үр ямар буруутай юм бэ. Эх болгох заяаг бэлэглэж, энгэрийг нь зөөллөх үрс заяасан байхад ийм “тэнэг” болчимгүй шийдвэр гаргаж, үрээ хаяж, төөрүүлдэг эхчүүдэд эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх нь зөв шүү.
эх сурвалж:zaluu.com