Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 25-нд 18:00 цагт дуусна. ЭЕШ-ын бүртгэл одоогоор 75 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 15-19-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна. Энэ жилийн хувьд ЕБС-ийг 36 мянган хүүхэд төгсөх бөгөөд өнгөрсөн жилийн хүүхдүүдийг тооцоолбол 40 орчим мянган хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гарчээ. Харин элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах аж.
Сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа зургадугаар сарын 15-нд өгнө. Улмаар бусад хичээлийн шалгалтаа өгч дууссаны дараа буюу батламж хуудас тараагдахад Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо /400 оноо/ хүрэхгүй бол сургуульд элсэх боломжгүй болно. Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж байрлуулах аж .Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөх юм.